Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Saturday, December 31, 2011

Хоёр мянга арван нэгдүгээр оны сүүлийн тэмдэглэл



Өнөөдөр 2011 оны 12р сарын 31. Хүн төрөлхтөн он цаг хугацааг тоолж эхлээд бүхэл бүтэн хоёр мянга арван нэгэн жилийг ардаа орхижээ. Энэ урт удаан хугацаанд болсон үйл явдлыг тодорхой цаг хугацаатай нь мэдэж тэмдэглэж байхын тулд нэгэн жаран, нэгэн зуун, нэгэн мянган гэж ангилжээ. Миний хувьд, бидний хувьд хоёр дахь мянган жилийн төгсөл үед энэ дэлхий дээр ирж одоо гуравдугаар мянган жилийн эхэн үед амьдарч байна. Зуунаар ярьвал хорьдугаар зуунд төрж хорин нэгдүгээр зуунд амьдарч явна. Хэрэв чадал байвал дараагийн зуун жилийг үзэж ч болох юм. Гэхдээ бараг л боломжгүй зүйл биз. Бидний үр хүүхдүүд л хорин хоёрдугаар зуунд аж төрөх болно.
Тэгээд бодохоор бид үнэхээр өчүүхэн богино хугацаанд л энэ дэлхий гэгч аугаа том гараг ертөнц дээр хүн гэж амьдардаг байх нь. Тэгсэн хэрнээ энэ богино хугацаанд үнэхээр их зүйл тохиолдох юм.

Sunday, December 25, 2011

Ирсэн...



Үргэлж л хөгжимд дурлагч нэгэн бүсгүй байжээ
Өглөө бүрийг инээмсэглэн угтдаг байж гэнэ
Үүрд хамт байх ханхүүгээ мөрөөдөж
Өдөр бүр түүнийгээ л зурдаг байжээ...

Sunday, December 11, 2011

Хүнийх...



Чи шүлэгт дуртай шиг
Би чамд хайртай
Би чамд хайртай шиг
Чи бусдын шүлэгт дуртай

Чи хэн нэгний бичсэн шүлэгт дуртай шиг

Би чамайг хайрладаг
Чи хэн нэгний бичсэн шүлгээс өөрийгөө мэдэрдэг шиг
Би чамайг тэвэрдэг
Чи хэн нэгний гунигаа шингээсэн шүлгээс таашаал авдаг шиг
Би чамайг шунан хүсдэг
Чи хэн нэгний хамгийн гэгээлэг шүлгээс уйтгар, ганцаардлаа олж хардаг шиг
Би чамаас явдаг
Чи бусдын шүлэгт дуртай шиг
Би чамд хайртай.

Wednesday, December 7, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #5 буюу эрх чөлөөг мэдэрсэн нь



Сайн байна уу, сайн байна уу, сайн байна уу? Америкт бичсэн тэмдэглэл маань үргэлжилж байна... Энэ удаа Нью Йорк хотоор аялсан сүүлчийн өдрүүдийнхээ тэмдэглэлийг бичье.

...Өглөө сэрээд, би чинь хаана байгаа билээ, гэртээ ирчихсэн билүү, юу билээ гэж хэсэг нойрмоглон бодож гайхлаа. Урд шөнө гэртээ харьчихсан, гэрийнхэнтэйгээ уулзаж инээлдэж байна гэж зүүдэлсэн болохоор л тэр...
Босох уу байх уу гэж хэсэг хэвтсэний эцэст гэнэт орноосоо суга үсрэн босч угаалгын өрөөрүү орлоо. Сайхан гэгч нь шүршүүрт орох зуураа энэ том хотын иргэн болоод амьдарч байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж билээ.
Уснаас гарч ирээд 2 найзаа дуудангаа өрөөнийхөө хөшгийг нүд гялбуулан нээж Нью Йорк хотын цоо шинэ өглөөтэй дахин мэндэллээ. Тэнгэр цэв цэлмэг, өглөөний нар өндөр барилгын цаагуур наагуур арай хийн цухуйна. Тэгээд л өнөөх дүнгэнэсэн нүсэр чимээ, нааш цааш сүлжилдэн хурдан алхах хүмүүс, машин тэрэг, унаа хөсөгүүд...
Шинэ өглөөний мэнд Нью Йорк...

Sunday, December 4, 2011

Тэр бол...

Тэр бол
Амьдран тэсэх,
Амьд үлдэх
цорын ганц шалтгаан минь.
Аз жаргалтайгаар,
Сэтгэл хангалуун үхэх
цорын ганц боломж минь.
Хүсэл мөрөөдөлдөө хүрэх
Миний ганцхан найдвар
Хүлээх итгэл,
хүрэх оргил минь.

Тэр бол

Миний сонсдог дуунуудын
далд инээмсэглэл шиг
цээж цэлмэтэл мандах
Миний л хардаг нарнуудын
далд цацраг шиг
тийм зөөлөн илчтэй.
Миний мэдэрдэг догдлолуудыг
нууцхан шүргээд
зөөлөн савлах дүүжин дээрх
Миний л зүүдэнд ирдэг
хайр хүрэм,
ганцаардсан бяцхан охин.

Saturday, December 3, 2011

Нүд



Чи их хөөрхөн
Чиний царайнд би дурласан
Чи их ухаалаг
Чиний ухааныг би биширсэн
Чи үнэхээр эелдэг
Чиний занд би татагдсан
Чи үнэхээр зоригтой
Чиний зоригийг би үнэлсэн

Wednesday, November 30, 2011

I'm so glad that you're my Radio...



Надад нэг радио бий
Намайг дуулуулж уйлуулах нь ч бий
Нүдрүү нь эгцлэх хүсэл бий ч
Нүүгээд явчих зориг түүнд бий...

Monday, November 28, 2011

Гучин жил хамт байхсан...



Миний радио надтай дугарахаа больсон
Харин би түүнд итгэж чадахгүй гайхсан
Гурав хоносон дөрөв хоносон би хүлээсэн
Харин тэр надад юу ч хэлэхгүй хэвээрээ...

Тэр эвдэрсэн бол яана
Би итгэхгүй байна чамд
Дуулахгүй байна чи
Дугарахгүй бол би яана...

Өнгөрсөн жилүүдийг
Дурсаж би уйлсан
Одоо болтол чи сэрэхгүй унтсаар...

Friday, November 18, 2011

Надад хайртай гэсэн...



Тэр нэг хүнийг сонсох тусам улам татагдаж эхэлнэ
Тэр нэг хүнийг харах бүр салах тухай бодол багасна

Тэр нэг хүнээс алсхан байя гэвч үл чадна
Тэр нэг хүнийг мартъя гэвч зүрх шанална

Хамтдаа эсвэл тусдаа аль нь үл мэдэгдэнэ
Хайртай эсвэл үгүйг одоо би гайхна

Хайртай байсаан гэж харин бардам хэлнэ
Хамгаас илүү чи л сэтгэлийг минь өвтгөнө...


Friday, November 11, 2011

Урд шөнө цас орсон



Гараад ирсэн чинь цав цагаан
Гараа тосоод зөндөө зогссон
Гадаа гарсан чинь нам гүм
Ганцхан удаа санаа алдсан

Monday, November 7, 2011

***


Миний сонсдог дуу шиг
тийм бүсгүй
Миний дурласан дуу мэт
тийм бүсгүй
Сонсоод уярдаг дуу шиг минь
тийм бүсгүй
Сонсох тусам улам татагдах дуу мэт
тийм бүсгүй...

Saturday, November 5, 2011

***



Дуртай дуугаа сонсохоор л
санаад байх юм түүнийг
Дуунд уяран нүдээ анихаар л
үгүйлээд байх юм тэрнийг

Гэвч би түүнийг танихгүй
Хэнийг ч санаад байгаагаа мэдэхгүй
Яагаад ийм болчихсоноо ойлгохгүй
Ийм болоод хэр удаж байгаагаа ч санахгүй нь...

Tuesday, October 4, 2011

Шувуудын амьдрал



Өдөө цувуулан алхаж явахад
Далавчийг минь эдгээж нисгэчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг

Өнгөрснөө дурсан уйлж суухад
Ирээдүйг харуулж, итгэл төрүүлчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг

Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг ч
Согтуурал, элийрэл, тайвшрал мэтийн
Сонголтууд надад олон үлддэг...

Wednesday, August 31, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #4 буюу үл унтагч их хотоор (эхний өдөр)



Амрыг тань эрье блог минь...
Яг одоо 2011 оны 8 сарын 30ны өглөөний 6 цаг 25 минут. Энд ирээд сүүлийн 2 сар шахам хугацаанд амьдарч буй Вест Спрингфиелд хотын Блисс гудамжнаас нэгэн танил таксины жолоочоор Нью Йорк орох автобусруу хүргүүлснээр энэ аялал минь эхэллээ...
Хажуугаар жирэлзэн өнгөрөх ой моддыг харан гиеүрч явахдаа "Хэзээ ч унтдаггүй хот" хэмээх тодотголтой дэлхийн хамгийн том хотуудын нэг Нью Йоркийн тухай ихийг бодон төсөөлж явна... Энэ автобус их тохилог юм аа. Маш урт, зөөлөн түшлэгтэй сандалтай, дотроо интернэт орчин, цахилгааны залгуур, хөлний тавиур, хамгийн ардаа бүр 00-ийн өрөөтэй юм гээч. Компьютероо гаргаад дуу сонсон ганц хоёр көүк балгангаа тэмдэглэлээ бичиж явахад ёстой сайхан тохирсон унаа юм даа..

Sunday, August 21, 2011

Memories...



Амьдран өнгөрүүлсэн он жилүүд
нарны сацраг мэт нүд гялбуулахад
Аль эртийн инээсэн нь ч, уйлсан нь ч
инээмсэглэлтэй л хамт нүд угаана.
Ахин ирсэн мэт улирсан бүхнээ
зэрэглээ адил хоосноос ширтэхэд
Амтлан амтлан өнгөрүүлсэн өдрүүд
бодолд автуулж нүднээ дүүрнэ.

Холын хол руу даллан нисэгч
шувууд мэт дурсамжуудаа
эргээд ир
Хонгор найз, үзэсгэлэнт бүсгүй,
жаргасан минь ч, зовсон минь ч ижил
Улирч дээ, улирч.
Гэхдээ
улирч одсон бүхэн яагаад
Уйлж уйлж унтсан хүүхэд шиг
сэтгэлийг ингэтэл догдлуулна вэ?
сэтгэлийг минь ингэтэл тайвшруулна вэ?


Tuesday, August 2, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #3 буюу Америк үдэшлэг (өгүүллэг)



-Хөгшөөн сэрээрэй... Романтик залуу минь түргэн босч үз!
Цаана чинь нөгөө Кателин залгаад байна, чамайг магадгүй өдрийн зоогонд урих санаатай байх шиг байна гэсээр хамт амьдарч буй найз маань намайг сэрээлээ.
Урд шөнийн болсон явдал нүдний урдуур зурс хийх шиг болж арай гэж нүдээ нээн орноосоо өндийлөө. Америк маягийн үдэшлэг ч ёстой гайхалтай юм даа хэмээн бодож амжив.

Wednesday, July 27, 2011

***



Илчгүй,
хүйтэн хотын хаа нэгтээх
ганцаардмал ширээн дээрээс
Ижилгүй,
өрөөсөн ээмэг олоод
чамтай уулзсан шиг баярласан...


Wednesday, July 13, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #2



Дахиад л сайн байна уу хавтас нь гандчих вий гэж хайрлан нандигнадаг дэвтэр болсон блог минь... Эх нутгаасаа жилийн газрын зайтай байсан ч үргэлж хамт байдагт чинь талархаж байна тэмдэглэл минь..

Wednesday, July 6, 2011

***


Үг хэлэхгүй байсан ч
чи намайг сонсож чадах уу?
Үй олон инээд, цуурай дундаас
санаа алдахыг минь ялгаж таних уу?
Үнсвэл,
уруулын чинь эд эс бүхэн
ширхэг ширхэгээрээ
үүл болоод нүүчихгүй байгаа?
Үргэлж л уруул дээр тээглэгч тэр үгээ
догдлон байж хэлвэл
шувуунд хувилаад
үргээд нисчихгүй байгаа?

Friday, June 24, 2011

Олонхид зориулсан цөөн хэдэн үг...



Засах гээд бүр муухай болгочихсон
олон нөхөөстэй цамц шиг
Залгаатай хүмүүс...
Өчигдөр алгадсан хацраасаа
өнөөдөр уучлал гуйдаг
Өрөвдмөөр хувирамтгай хүмүүс...

Зангидсан хөмсөг,

цацсан шүлснийхээ араас
инээмсэглэл залгаж
бүр үнсэж ч чадах
Загас барьж хамт шарж идчихээд
маргааш нь өнөөх нуурандаа
Загас болчихсон сэлж байж ч мэдэх
замбараагүй хүмүүс...

Thursday, June 16, 2011

***


Шиврээд дуусчихсан борооны дараа
чиний тухай бодох...
Чиний тухай бодож суухад
чийг үнэртэх...

Шийдвэр гаргах хэцүүг мэдэн
чимээгүй суух...
Чив чимээгүй суух тусам
чиний л тухай бодлууд...

Болоод л өнгөрчих агшнуудыг
хадгалан үлдэх тухай
Бороо зогссоны дараа
нойтон өвс ширтэнгээ бодох...

Wednesday, June 15, 2011

Цонхруу харж удаан хэвттэл...



Цонхоор бороо,
Бас янз янзын уйтгар шагайна
Үүл өөрөө ч зүүрмэглээд унтчихмаар
Дэндүү уйтгартай бороо...
Нойтон далавчаа биш
Уйтгараа дааж ядсан болжмор
Нов ногоон зураг дээрх
Ганцхан дусал нулимс шиг...

Огт байхгүй хүнд дуралчихсан сэтгэлээ
Ойлгохоо болиод удаж байна
Салхи нэг л намуухан үнсэнэ
Сайхан биш гэж үү?

Хүсэхгүй бол март...

Санамсаргүйгээс бүх сайхан дурсамж эхэлдэг. Надтай яриа өрнүүлж, инээж, уйлсан хүн бүхэн үүнийг гэрчилнэ. Бид бүгд санамсаргүй л уулздаг. Санамсаргүй бид нэгнээ олж, санамсаргүй...

Би чамд зориулж олон ч удаа үгээ бэлдсэнсэн. Гэвч би ямар хэнэггүй билээ? Чиний төлөө сэтгэлээ хурцалж, чамд л зориулж шүлэг бичиж ч үзлээ. Гэвч одоо итгэл найдвар хэм хэмжээнээсээ хэтэрч байна. Би нээлттэй, миний сэтгэл зүй хангалттай нээлттэй. Миний тухай бодлоо илчилж ганц захиа, ядаж, ганц үг бичтэл чинь би сэтгэлийн цонхоо чиний өмнө хааж байна. Надад би "Дэндүү яараад байна" гэж хэлсэн. Гэтэл чи намайг "цайгаар", "цагирган боовоор" дайлж болноо доо? Бүгдийг байгаагаар нь хэлдэг чинь сайшаалтай. Би шударга хүмүүст дуртай. Амьдрал бидэнд ямар их амттан бэлдсэнийг хараач...
Сайн байна уу?
Магадгүй, баяртай.



Хүний чарганд битгий суу. Орос ардын үгнээс.

Wednesday, June 1, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #1

Сайн байна уу? хайрт блог минь, мөн үүнийг сонирхон уншиж суугаа найз минь. Өнөөдөр 2011 оны 5р сарын 31. Би Америкийн Нэгдсэн Улсад ирээд 5 хонолоо. Гэнэт л энд ирчихсэн нэгэн зочид буудлын үүдний танхим дахь ганц ширээний урд суугаад блогоо нээж үзэж байх юм. Баруун тийшээ харвал буудлын автомат хаалга хүн орж гарах болгонд нээгдэж хаагдаад, нээгдэх болгонд нь зөөлөн бүлээн агаар мэдрэгдээд жижигхэн шувууд шулганах сонсогдох юм. Гадаа талбай нь тийм ч том биш ганц хоёрхон машин үзэгдэнэ. Энд тэндгүй л нов ногоон модод, бүгдийг нь хөөрхөн хэлбэрт оруулаад засчихсан. Тэнгэр өөд нь харвал цайвардуу бүдэгхээн цэнхэр туяа үзэгдэх юм. Харин дотор бол агаар цэвэршүүлэгчийн бүдэгхэн дууг үе үе дугарах утас, утсаа авч олон үг урсгах буудлын ажилчин эмэгтэйн дуу хоолой нам дарж орхино. Энд их тухтай юм аа...

Friday, May 20, 2011

Бороотой болзооны зураглал



Гэв гэнэт бороо асгаж

Гэзгийг чинь норгосон тэнгэрт баярлана
Уянгат байгалийн нойтон үзэсгэлэн
Улам ч яруу улам ч энхрий

Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална


Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн

Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг

Бороонд цэцэг ургадаг гэсэн яасан үнэн бэ
Бороонд норсон миний цэцэг ямар үзэсгэлэнтэй вэ
Тэвэрт минь дүүлэх шувуухай минь битгий нисээрэй
Тэнгэрээс асгарах шидэт бороо минь битгий зогсоорой

Monday, May 9, 2011

Тагтан дээр



Тагтан дээр өвс зуусан болжмор миний сэтгэлд зураг болно

Танил дотно бүх зүйл нэг л өдөр ор сураггүй арилна
Тасалгааны цэцэг ургаж ургаж хамгийн сүүлд гуниг болно
Таны миний амьдрал улирч одоод бас л нэг нулимс болно

Дурлаж амжаагүй охид цаг хугацааны төгсгөлд хүсэл болно
Дулаахан харц нь хэн нэгний зүрхийг хутга шиг зүснэ
Хайр нэхэж төрсөн хүн бүхэн гомдлын эцэст уучлал болно
Хамгийн сүүлийн мөр шүлэг зүгээр л хэсэг цаас болно.

Friday, May 6, 2011

Тавдугаар сарын анхны бороо



Тавдугаар сарын бороо
Тавдугаар сарын анхны бороо
Тавдугаар сарын анхны бороо хоёр өдөр хоёр шөнө үргэлжилнэ...

Тавдугаар сарын бороо намайг санажээ
Хоёр өдөр хоёр шөнө үргэлжилсэн ч зогссонгүй
Гурав дахь өглөөгөө нарыг халхалж намайг норгосоор...

Ингэх хэрэг байсан гэж үү
Хоёр өдөр чамайг харж
Хоёр шөнө бодолд автлаа
Хүйтэн жихүүн дуслууд чинь
Хоёр хоног жиндээлээ...

Тавдугаар сарын анхны бороо
Санаснаас минь шал өөр юм...

Бороо чи хааяа л бодол хөглөн зүсэр
Хүйтнээр биш дулаахнаар над дээр шивэр
Нарыг халхалж биш алтан туяаг нь зүсэж шивэр
Намайг жиндээж биш надад онгод хайрлаж зүсэр

Солонго татаж жимс ургасан тийм л борооноор
Ногоон навчин дээр бороон тухай шүлэг эхлүүлье...


Friday, April 29, 2011

Чи яг дурлал шиг

n

Чи яг бороо шиг
Чамд хүрэх тийм хэцүү
Тэгээд л би алгаа тосон
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.

Чи яг нар шиг
Чиний өөдөөс эгц ширтэх тийм хэцүү
Тэгээд л би нүдээ анин
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэврэхийг чинь хүлээдэг...

Friday, April 22, 2011

Look Forward...

Би ямар ч л байсан энд юм бичмээр байгаагаа мэдэж байна. Гэхдээ юун тухай бичихээ сайн мэдэхгүй нь...

Надад их олон хүн дуртай, олон хүн хайртай... Миний аав ээж, дүү, эмээ өвөө, ах эгч маань надад маш их хайртай, найзууд маань ч надад хайртай.
Бас бусдад би сайхан сэтгэгдэл төрүүлж байсан, тэдгээр хүмүүс надад дуртай... Би хэн нэгэнд анх сайхан сэтгэгдэл төрүүлсэн бол яг л тэр сайхан хэвээрээ байхыг хүсэх юм.

"
I have a dream" гэж дэлхийд цуутай мундаг нэгэн хэлсэн шиг "Надад мөрөөдөл бий" гэж бас дотроо би хэлдэг...
Хүн амьдралдаа нэг том зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд бас өч төчнөөн зорилго зорилтуудад хүрэх шаардлага гарч ирэх юм.
Тэр хэд хичнээн нь ч мэдэгдэхгүй олон зорилтуудаа биелүүлэх гэж бас тоо томшгүй их саад бартааг туулах хэрэг гарах юм.
Тэр бартааг давах гэж, даваад зорилтдоо хүрч хамгийн том зорилгоо гүйцэлдүүлэх гэж хамаг байдгаараа хичээвч ихэнх нь зорилгынхоо эцэст хүрч, сэтгэл амарч чадахгүй байсаар энэ нас нь элэгдэж залуу нас нь дуусдаг байж мэднэ...
Миний ганц айдас энэ...
Энэ айдас маань миний мөрөөдлийг илэрхийлж байдаг. Сайн ухаж ойлгоорой...

Sunday, April 17, 2011

The Colors of Soul



Чиний дарсан борооны зургийг харахад
Чийг үнэртэнэ.
Цээжинд хурсан уйтгар минь
Бороонд хувилаад чам руу очиж дээ.
Сэтгэл норно.

Чиний дарсан навчны зургийг хараад
Уруулаа хазална.
Чамайг үгүйлэх уруул минь
Навчинд хувилаад чам руу хийсэж дээ.
Тэр навчийг чи үнссэн үү?

Wednesday, April 13, 2011

Тэр минийх мөн үү?



Би нэгэн уйтгартай эмэгтэйг таньдаг
Бие нь сэтгэлээсээ намхан гэдгийг мэддэг
Хөлөртөл нь тэвэрч чадах халуун сэтгэлийг хүлээхдээ
Хөнжилөө тас зууран зунаар ч даардгийг нь ойлгодог

Би нэгэн гунигтай эмэгтэйг таньдаг
Бичсэн шүлгээсээ ч илүү яруу гэдгийг нь мэддэг
Хаа нэгтээгээс ирэх цагаан сүнсийг үргээчих вий гэхдээ
Хав хар хувцастай харанхуйд суудгийг нь ойлгодог

Нүдээ гэхдээ яах гэж аньдагийг чинь, би хэний дүрд тоголдогоо
Нүцгэн биеэс чинь чухам юу тэгж гэрэлтдэгийг
Биеэрээ сүнсээ харамлах мэт тас тэвэрчихээд
"Би чинийх мөн үү" гэж асуусан хэрнээ
Яагаад хариулт хүлээдэггүйг чинь би мэддэггүй...
Би тэр нууцлаг эмэгтэйг таньдаггүй...

Wednesday, April 6, 2011

Хаврын намуухан орой...



Хайр дурлалаас холуур хэтэрхий удахаар хайр дурлал ч намайг мартчих шиг байна.
Их л завгүй амьдралтай хүн оргиж энд тэнд юм амжуулах гэж гүйгээд эргэн тойронд маань юу болж байгааг, үеийн залуусын маань сэтгэл хөдлөл хэрхэн өөрчлөгдөж дэвэрч байгааг анзаарсангүй ээ...
Орой гэрлүүгээ ганцаараа алхаж явахдаа л сая нэг мэдээ орлоо.
Жоохон дүү нар байрныхаа гадаа хөөцөлдөж тоглоод л бөөн чимээ шуугиан, хосууд инээд алдаж нэгэндээ тунирхан хажуугаар зөрж өнгөрөөд л, хүмүүс нэг л тайван юунд ч яараагүй, нүүрэнд нь мишээл тодроод л, амьсгалах агаар тунгалаг, сартай тэнгэр цэлмэг үзэгдэхэд өөрийн эрхгүй уртаас урт амьсгаа авна... Хаврын намуухан орой ийм л байдагсан...
Гэхдээ үүнээс ч сайхан зуны улирал удахгүй ирнэ гэхээр юутай жаргалтай...
Ийм л үед хүний сэтгэлд энэ сайхан мэдрэмжээс илүү өнөө л хайр гэгч нь үгүйлэгдэх юм.
Хуучин дурсамжуудаас илүү миний огт таньж мэдэхгүй хэзээ ч харж төсөөлж байгаагүй тийм дурлалыг би хүлээчихлээ... Би тийм хэтэрхий сайхан дурлалыг хүлээж байгаа болохоор удахгүй надтай таарах тэр бүсгүй миний сэтгэлд хүрэхгүй бол яана гэж би айхгүй байна. Яагаад гэвэл миний хэзээ ч бодож төсөөлж байгаагүй тийм зүйл надтай таарах учраас яадаг ч байсан надад сайхныг мэдрүүлнэ...
Хаврын намуухан орой ийм л бодлуудаар дүүрэн байдагсан...

Monday, April 4, 2011

Нэгэн сэтгэл хөдөлгөм түүх...

Аргентиний алдарт голфьчин Роберт Де Винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй, үхлийн даваан дээр байгааг, бас хүүхдээ эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинг маш их эмзэглүүлсэн тул саяхан тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нилээд хэсгийг чек болгон бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд "Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Дараагийн долоо хоногт клуб дээрээ бэлтгэлээ хийж дуусаад өдрийн хоолоо идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан нь түүнд дөхөж ирээд “Өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм ярьж байсныг тань сонссон” гэхэд Роберт “Тийм” гэж хариулав. Нөгөө ажилтан “Тэгвэл танд нэг муу мэдээ дуулгая. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “Энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” гэхэд “Тийм ээ, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” гэсэнд Роберт: “Ашгүй дээ! Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна, өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ...

***



Хүсэл бүхний хариуд шунал, шаналал...
Хүүхнүүдэд хааяа дурламааргүй санагддаг
Улалзсан, дүрэлзсэн, гэрэл цацарсан
Учралуудаас ч заримдаа зугтмаар болдог.
Ганцаардлын цэнхэр гунигийн шар өнгөөр
гортиг татаад тэг дунд нь сууж
Гав ганцаараа уумаар болдог.
Орилмоор...
Огт танихгүй бүсгүйг тэврээд
Оройжин бас уйлмаар санагддаг...

Saturday, April 2, 2011

***



Сар яг л санаашран буй хэн нэгний харц мэт гунигтай

Сар туссан цагаан цаас бас л цайлган сэтгэл мэт гунигтай
Үүл яг л уйлах гэж байгаа бүсгүйн сул гэгээн гэзэг мэт гунигтай
Үзэг минь бас өвс мэт анир чимээгүй далд гунигтай

Дэрвэгэр сормуус, уруул, цэцэг, голын урсгал гунигтай
Дэлхий тэр чигээрээ даашгүй тийм хүнд гүн гунигтай
Хорин жил эрээлжин өнгөрсөн үйл явдлуудын цаана байгаа
Хожим надад ирэх гэгээн алсад харин гуниг бий болов уу, үгүй болов уу?

Friday, April 1, 2011

Би ингэж амьдарна - 2



Наран жаргах ув улаан тэнгэрийн дор охиноо тэврээд

Наян зургаан онд тарьсан дурлалынхаа модны сүүдэрт саатаад
Яруу сэтгэлээ ээжид нь анх хэрхэн өгсөн тухайгаа ярихад
Яг л та хоёр шиг дурлана гэж охин минь хэлж сар инээмсэглэнэ

Залуу модны мөчирт хүзүүний зүүлт мэт хэлхсэн
Савлуур сандал дээр би ирээдүйн дурлалыг бүүвэйлнэ
Чихэнд нь шивнэх шүлгий минь сонсох гэж одот тэнгэр анир алдархад
Чи минь горхины дэргэдээс бидний зүг ширтэх нь сар мэт гэгээтэй...

Wednesday, March 30, 2011

ОЙ ХҮРСНИЙ БАЯР... (Бадрангуй бичив)

Сайн байна уу хайрт блог минь... Өнөөдөр бол 2011 оны 3р сарын 30ны өдөр. Блогтоо бичлэг хийлгүй хэд хоножээ. Гэхдээ өнөөдөр их онцгой өдөр учир блогтоо өөрийн гараар мөр гаргахгүй байж болсонгүй. Яг л нэг жилийн өмнө энэ блог гэдэг зүйлийг сонирхож анхны бичлэгээ оруулж байсан маань саяхан мэт л санагдаж байна.
Хавар болохоор цаанаа л нэг сайхан, амьдрал сэргээд ч байх шиг, энэ бүх сайханд сэтгэл хөдлөөд бүр ядраад ч байх шиг санагдах юм. Түрүүчийн хавраас эхлээд зун, намар, өвөл тэгээд эцэст нь дахиад л хавар ирлээ...

Friday, March 25, 2011

***

Гэхдээ хүн бүрийн дурлал
Мод навч мэт адилхан биш ээ
Нэгэн насаараа үнэнч хайрыг
Мөнх ногоон гацууртай зүйрлэе...

Wednesday, March 23, 2011

Харьж явах замдаа...



Хотын гудамжаар алхах би дуртай
Хольж хутган элдвийг бодох бүр ч таатай...

Өвлийн сүүлчийн сар шувтарч байлаа
Өнөөх л замаараа би алхаж явлаа
Тэр л замаар алхаж явахдаа
Тэр ганц навчийг хараад бодлоо...

Мөчиртөө үлдсэн сүүлчийн навч
Хийсэн унахыг намар л би харсан
Гэтэл одоог хүртэл хийсчилгүй
Зүүгдэн үлдсэн ганц навчийг
олж би үзлээ,
Юутай гайхмаар
Юутай бахдамаар...

Хичнээн ч хүчтэй шуурга
Хэдэн ч цастай шөнийг
Давж туулсан бол доо хөөрхий,
Хэр их ганцаардал амсаж
Хичнээн ч зовлонг туулан

Monday, March 21, 2011

Цаас байна уу



Цаас байна уу ганцхан шүлэг биччий
Царайлаг бүсгүй байвал ганцхан шөнө дурлачий
Өмхий утааны оронд үсийг чинь үнэрлээд унтчий
Өөрийнхөө цагаан гунигаас чамд жоохныг өгчий

Үзэг байвал өгөөч ганц шүлэг биччий
Үүдээ тайлаад өгчих үүр цайлгаад гарчий
Утасны чинь дугаар хэрэггүй маргааш гэхэд мартчий
Улаан цагаан өнгөөр дурлал гээд биччий.

Saturday, March 19, 2011

Хаварт дуртай



Жилийн энэ саруудад би жигтэйхэн их дуртай
Жихүүн хүйтэн арилж урь ордогт нь биш
Жирийн нэгэн охин надад цэцэг болж харагдах
Жилийн энэ улиралд би сэтгэл алдан дурладаг

Хаврын бороонд шалба норж өвсөн дээр гүйх гэж
Халх нутгийн хүү хаврын сарыг хүлээдгийм
Хаа холын бүсгүйд дурлалын жигүүрээр тэмүүлж
Хайрлан дурлаж санаашрах гэж хаврын сарыг хүлээдгийм.

Thursday, March 17, 2011

***

Хэлэхийг хүссэн үгээ
Ганцхан чамд л хэлж чадахгүй
Хэн ч юу ч гэж ярьсан
Ганцхан чамд л гомдож чадахгүй

Хаврын салхийг залгичихаад
Ганцхан хашгираад гаргаж чадахгүй
Харцаараа л нүдийг чинь үнсэж
Зүүдэндээ л учирахаас өөр тавилангүй...

Monday, March 14, 2011

***



Он жилүүд зугуухан урагшилж
Намуухан өнгөрнө
Эргэх цаг яасан ч удаан... бүр яасан ч удаан
Өдөр ганцаараа
Салхинд сууна
Шөнө ганцаараа
Сарыг ширтэнэ
Өглөө ч бас ганцаараа
Гудамжаар алхана
Өөрчлөгдөхгүй нэг л өдрийг ахин дахин үднэ
Ахин дахин угтана
Сар жилүүд ямар ч урт... бүр ямар ч урт...

Wednesday, March 9, 2011

Би ингэж амьдарна



Навчсын сэрчигнээ хийгээд шувуудын шулганах чимээтэй
Намрын хонгор салхи хацар илбэхэд би сэрнэ
Томоо нээсэн цонхон цаана хүүхдүүд гүйлдэх нь жаргалтай
Толины өмнө эхнэр минь үсээ самнах нь үзэсгэлэнтэй

Зүүдэнд ирсэн айдас үргээд л нисэх тэр мөчид
Зөөлөн инээмсэглэх хайр хөнжил сөхөн орж ирнэ
Өчигдөр бид хоёрын үнсэлцсэн хөгшин модны сүүдэрт
Өхөөрдөм үрс минь яг л шувууд шиг шулганах сонстоно

Saturday, March 5, 2011

ЧАМД ЗОРИУЛАВ (Эргэн нэг дурсаж бичив)



Чамайг бодохоор сайхан дурсамжууд санагдах юм
Чин сэтгэлээсээ байсан хүүхэд нас минь бодогдох юм
Нүдээ анихаар тэргэл сар,
цастай цав цагаан шөнө
Нэг л уужимхан, цэнгэг агаар үнэртээд л
Бас гитарын зөөлөн аялгуу
Сэтгэлээсээ дуулсан тэр нэг дуу
Сэтгэлээсээ ширтэж байсан тийм нэг харц
Энэ бүхэн хиргүй ариухан хүүхэд насны учрал болохоор

Friday, March 4, 2011

Ээжийгээ саначихлаа

Хавар болж дээ гээд санаа алдтал
ээжийгээ саначихлаа
Хавартай адилхан миний ээж

Нар руу удаан хартал
нулимс урсчихлаа
Нартай адилхан миний ээж...

Энэ хорвоо дээрх хамгийн хайртай хүн минь ээж минь та юм шүү.
Хүү нь таныхаа хайранд л хүний дайтай хүн явна даа...
Тандаа баярын мэнд хүргэе ээж ээ!

Өглөө бүрийг инээмсэглэж угтаарай...



Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн болгосон билээ
Бүсгүй минь чи Өглөө бүрийг инээмсэглэж угтаарай...

Бүсгүй танд баярын мэнд хүргэе...

Wednesday, March 2, 2011

***



Урьд шөнө би чамтай хамт дуу дуулсан. Сэтгэлээ бүлээцтэл
Урууланд чинь тэгээд уруулаараа хүрсэн. Сэтгэлээ халууцтал
Сэмхэн инээмсэглэлдээ гуниг шингээж гэр лүүгээ ороход чинь
Сэтгэл минь ганцаардах мэт болж дараагийн учирлыг өөртөө амласан.

Шөнө



Шөнө хэрхэн эхэлж
хэрхэн төгсөхийг үзэх гэж
Шүүдэр өвс рүү хэрхэн ирээд
хэрхэн буцахыг харах гэж
Элээж урсах амьдралынхаа
нэгэн шөнийн нойрыг огоорч
Эмзэглэл уяралыг нэхэн ивэлгэж
үүр цайхыг хүлээвэй

Шөнө өдрийг хэрхэн уусгаад мөн хэрхэн уусахыг үзэх гэж
Сүүдэр минь харанхуйд хэрхэн замхраад хэрхэн тодрохыг харах гэж
Амраг бүсгүйг өнчрөлтэй нь үзэг цаасыг ганцаардалтай нь орхиод
Амтат дарс шимэн шимэн сэтгэлээсээ шөнийг дуудав.


Sunday, February 27, 2011

Дурлалыг хүснэ..

Дурлалын гудамжинд өчигдөр цагаахан цас хаялсан
Дулаахан амсгалд чинь хайлахсан гэж цасан ширхэгүүд шивнэлдэж байсан
Чамайг би тэр л цагаан цас шиг
Час халуун сэтгэлийг минь тэврээд хайлаасай л гэж хүснэ

Өчнөөн жилийн өмнө ялдамхан охин надад ухаангүй дурласан
Өөрөөс минь юу ч хүсээгүй гэхдээн надад бүхнээ өгсөн
Биелэж амжаагүй хүсэл бичигдэж амжаагүй шүлэг минь ээ
Би чамаас гал халуун биегүй гэгээхэн дурлалыг л хүснэ...

Tuesday, February 15, 2011

ТИЙМ НЭГ АДИЛХАН ҮДЭШ (jivza.гийн захиалгаар...)



Халуухан огшуухан зүрхээ тэр зүсүүлсэн
Залуухан омголон насаа бас зориулсан
Даруухан залуугийн харц гунигаар дүүрчээ, сэтгэл нь холын холд
Дагжин чичирч түүнийхээ нүдийг хүсэмжилжээ, харц нь алсын алсад

Хундага харших чимээ, цөхөрсөн инээмсэглэл, гунигаар дүүрэн харцтай
Хүзүүндээ байгаа зүүлтийг тасдаад шидчихмээр тийм нэг үдэш
Уруулынх нь амтыг дарснаас тэр эрсэн
Уйтгарт аялгуунаас дүрийг нь тэр хайсан
Хувь тавилан тэр хоёрт ямархан тохиол бэлдсэнийг
Хундага дарс уянгын аялгуу ч мэдэхгүй тийм нэг үдэш...

Sunday, February 13, 2011

Хөгжим бүжгийн ойролцоо



Тэнгисийн эрэг дээрх нойтон чулуу шиг
Том нүд дэргэдүүр өнгөрөхөд...
Тэнгисийн эрэг дээрх нойтон чулуу шиг ч биш
Тэр нүд дэргэдүүр өнгөрөхөд...
Хоёр харц сая л нэг уулзаж
Хотын гудамж гэв гэнэт
Хоосон хүнгүй болчихсон.
Арван найм хоногтой муужгайнх шиг
Цийлэгнэсэн нүднээс хагацахад...
Арван найм хоногтой муужгайнх шиг ч биш
Тэр нүд харагдахаа больход...
Араас чинь би ширтээд л хоцорсон
Гуя чинь булчинлаг, бүжигчнийх шиг
Гунхахад чинь тэвчээрийн завь дайвалзах мэт болсон
Үс чинь гал улаан, тэгээд бас
задгай, долгионтой
Өдөр бүр чамтай энэ гудамжинд зөрөхсөн гэж бодсон
Өрөвдөх мэт эсвэл ямар нэгийг хүсэх мэт нойтон нүдний араас
Үгээр уйлаад л би үлдсэн.
Хотын гудамж гэв гэнэт
Хаа сайгүй хүнээр дүүрчихсэн.

Яаж ч чадалгүй халаасаа тэмтрэн
Янжуур асааж, санаа алдаж
Би яг л шатаж байгаа мод шиг уугиад л
Битгий яваач гэж амандаа бувтнан
Би зогсоод л...
Чи яваад л...
Хөгжим бүжгийн ойролцоох
Бид хоёрын зөрсөн гудамжаар
Хүмүүс алхаад л...


Saturday, February 12, 2011

***

Уяхан, бас, согтуу хүмүүст би хайртай
Уйлж чаддаг, бас, ууж чаддагт нь дуртай
Хэнийг ч хамаагүй тэвэрч үнсдэггүй
Хэтэрхий үнэнч тийм хүмүүст л хайртай
Тансаг, бас, хээнцэр хүмүүст би хайртай
Тачаангуй, бас, дэгжин харагддагт нь дуртай
Илэн далангүй чөлөөтэй, бас боловсон
Итгэж болохоор тийм хүмүүст л хайртай.

Thursday, February 10, 2011

Уруулсан, зүсүүлсэн зүрхээ



Зүрхийг минь чи мөн ч их зүсэх юм
Зүрхээ би мөн ч их зүсүүлэх юм
Өчнөөн шархалсан зүрхээ тэврээд
Өөдөөс чинь би
Гомдсон хүүхэд шиг ширтэнэ.
Цустай гараараа намайг тэврээд
Инээмсэглэхэд чинь
Цурхиртал уйлаад
Ганцхан удаа уучилмаар санагдана.
Эргээд хартал, цусан зам...
Би их холоос иржээ
Инээмсэглэл чинь тэртээ цаанаас цуурайтна
Зүрхийг минь чи ямар эрт зүсээ вэ
Зүрхээ би чамд ямар ч эрт өгөөв дээ...


Чамтай уулзаад...



Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй
Чанга тэврээд уйлахаас өөрийг хийхгүй

Ийм удаан намайг орхисон,
Тийм удаан надгүйгээр амьдарсан,
Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй.

Үг тэнд үнэ цэнээ алдаж
Үнсэхээс өөрийг уруул минь хийхгүй
Услалгүй удсан цэцэг шиг
Урууланд чинь би яг л ус шиг хүрнэ

Цаас арчсаар нимгэрсэн мэдрэмтгий хуруугаараа
Цаг хугацаа чиний мартуулах дөхсөн
Хүзүүнд, үсэнд, арьсанд
Хүрэхийн төдий халуу дүүгээд л
Улам ч сайхан санагдах тэр л биеийг
Удаан гэгч нь тэврэх болно.
Өөр юу ч хийхгүй.

Wednesday, February 2, 2011

Их сургуулийн гудамж



Их сургуулийн гудамжинд
Нэг эмгэн тамхи зарж суух нь
Инээд, бас хөгжил дэвшлийн дунд
Дусал нулимс бөртөлзөх шиг, эсвэл,
Ганц хуучин хийл гэнгэнэх шиг санагдана

Их сургуулийн гудамж
Нас ахих тусам уйтгараар дүүрээд
Эндхийн хүмүүс улам бүр залуужих шиг бодогдоод
Их сургуулийн гудамжинд цас хаялах уйтгартай
Бороо асгасан ч гунигтай
Охидын инээх нь тавлах мэт сонсогдоод
Ойрхон өнгөрөх ч дургүй болсон би.
Их сургуулийн гудамжинд тамхи зардаг
Эмгэн хүртэл ахиж үзэгдэхээ больсон...
Хэнийг ч анзаардаггүй, хэрцгий
Их сургуулийн гудамж.



Б.Батзаяа

Friday, January 28, 2011

***



Чиний мэдэхгүй амьдралаар амьдарч
Чиний мэдрэхгүй өвдөлтийг дотроо тээгээд
Чиний хэзээ ч харж байгаагүй
хаа нэгтэйх цонхоор
Чийглэг цас нарны цацрагтай
хэрхэн учрахыг харан
Чимээгүй суух өөрийгөө
яагаад ч юм хүлцэнгүйд тооцно.


Чамайг үгүйлж байгаагаа бурууд бодож
Чамд татагдаж буйгаа бусдаас нууцлаад
Хэн ч анзаарахгүй байгаа
энэ цасны гялаан шиг үе үе анивчин
Хэзээ аних нь мэдэгдэхгүй
сэтгэлийн шархаа үе үе сэдрээн
Дурлалын цонхоо цэлийтэл нээчихээд
нууцлаг инээд урууландаа зууж
Дуу аялан суух өөрийгөө
яагаад ч юм жаргалтайд тооцно...


Wednesday, January 19, 2011

Залуу нас



Үлгэр энд дуусаж байна.
Үнэн эндээс эхэлж байна.
Час хийх энэ л агшнаас
Цаг хугацаа явж эхэллээ.

Үндэс нэгтэй хус модны мөчир нь бид гэвэл
Өдөр бүр нэг навч унагасаар л байна гээсээр л байна
Хоног өдрүүдийн салхинд нүцгэрч үлдсэн мөчрүүдээс
Хойтон жил ахиад залуу навч ургахгүй шүү дээ!


Цэцэг шиг бүсгүй навч шиг залуугийн гоо үзэсгэлэнг
Цаг хугацаа тоосоороо арчаад л одоход шаргал болно
Үхэл ч гэмээр намар ч гэмээр тэр нэгэн гийчин
Үүдийг чинь нэг л өдөр аяархан тогшино!


Үлгэр энд дуусаж байна.
Үхэл эндээс эхэлж байна.
Час хийх энэ л агшнаас.
Залуу нас чинь дусалж эхэллээ!



Б.Батзаяа