Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, September 29, 2010

Дахиад арван жил өнгөрөхөд
Бундангийн боол бундангийн ноён болно
Ноён болтол ч зай байна
Харин бундангийн боол өнгөө өөрчилж гилийн ноён болохгүй...

Tuesday, September 28, 2010

Үнсэлцье?



Хайртай юм чинь ичээд яах юм бэ
Хоёулаа үнсэлцье
Амьсгалынхаа эцсийн мөчийг хүртэл
Анхных шигээ л хайрлана...

Хүсдэг юм чинь ичээд яах юм бэ
Хоёулаа үнсэлцье
Үүрийн цолмон ганцаар үлддэг шиг
Үүрд чамдаа, би л үлдэнэ...

Танилцахаасаа ч өмнө үнсчихсэн болохоор
Харцаараа шүлэг бичээд хийсгэчихсэн болохоор
Хоёулаа үнсэлцье
Хариуд нь чамайгаа дагуулж
сарлуу нисье...

Saturday, September 25, 2010

Бороо ороход...


Шөнө дунд бороо орж байна
Одоо чинь юу билээ 9р сар бил үү?
Есөн сарын сүүлээр бороо ороод л...
Зарим нэгний сэтгэлд анхны хайр нь бодогдлоо л гэнэ
Хэнэггүй нэгэн нь дотроо
"гадаа юу дугарав" гэж гайхсан гэнэ
Харин би шаагих чимээг сонсоод
Хоёр нүдээ зөөлөн аниад
Бага насныхаа андын үерхэлээ
Эргээд нэг дурсан бодлоо...

Friday, September 24, 2010

Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?

…Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?
Хашгираад ч орилоод ч босож ирэхгүй чив чимээгүй хэвтээд л
Хамгийн сүүлчийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?...

Thursday, September 23, 2010

Хугараагүй нуруу

Эр хүний сэтгэлийн талаар хүүрнэн өгүүлье. Төвөгтэй төрсөн энэ хүйс нь байгалиасаа яг үнэндээ өрөвчхөн төрдөг. Юмыг хүлээж авах, ухан бодохдоо гүнд нь хүртэл нэвтэрч чаддаг чадвартай. Гагцхүү тэдний бусдыг хамгаалах зөн нь гадагшаа биш дотогшоо урсгалтай болгосон аж. Шалдар булдар зүйл ярьж эмэгтэйчүүд шиг гоншигонох нь ховор. Хэр баргийн зовлонд үг дуугараад гомдол мэдүүлэх нь цөөн. Гаднаа гүдэсхэн гүргэр мэт боловч дотроо л хайр энэрэл буцалгаж байдгийм. Зарим эмэгтэйчүүд бухимдахдаа эрчүүдийг янз бүрээр л хэлдэг. Хэнэггүй залхуу, хувирамтгай, завхай, “эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ” гээд л...
Энэ ч яахав эмэгтэй хүн бусдыг муулж хов жив ярьж доторхоо онгойлгодог байгаль эхээс өгсөн хөөрхийлэлтэй заяа нь тэр юм. Уй гуниг, хагацал зовлон ирэхийн цагт эр эмийн ялгаа эрс тэс. Эмэгтэйчүүд уйлж орилолдоно, эрэгтэй хүмүүс хөмхий зуулттай дүнсгэр дуугүй. Хэн илүү шаналдаг гэж бодно. Нулимсаа цээж руугээ урсгаж, бүхэл зүйлд өөрийгөө буруутган сэтгэлээ сэмлэдэг нь эр хүн л байдаг. Хэрүүл болоход эмэгтэй хүн л галзууран дөвчигнөж байдаг, харин эр хүн тайван сонсож суудаг. Энд би хагас дутуу эр хүний талаар бус жинхэнэ эр хүний мөн чанарын тухай л ярьж байна. Ээмэг, зүүлт, бөгж эрээн мяраан болсон эр хүн ямар харагдах билээ. Эм хүн л түүнийг эдэлж хэрэглэхээс бус эр хүн түүнд шунаад эхэлбэл хэн болох билээ. Нөхөрлөл гэдэг үг эм хүнд байдаг гэхэд эргэлзмээр. Хар бага наснаасаа хардах завгүй нөхөрлөж чаддаг нь эр улсууд л байдаг. Алдаа эндэгдлийг уужуу дотордоо өөршөөн уучилдаг нь эм хүн бус эр хүн л чаддаг. Угаас үг дуу цөөтэй гомдол мэдүүлдэггүй болохоор эрэгтэйчүүд эрхээ хамгаалъя гээд гудманд гарч жагссангүй, уулаас түшиг тулгуурын заяатай тэд эмэгтэйчүүдийнхээ тэнэглэлийг уучлан хэлтрүүлж битүү гунирхлаа дотроо хураасаар л явж байгаа... Эр, эм хоёр энэ орчлонд ижилхэн л алдаж онож, зовж зүдэрч байгаа. Нэг хүйс нь нөгөөгөөсөө илүү тавилантай юм бол байхгүй. Эмэгтэй хүний хэлдгээр эм хүйс илүү зовлонтой ч эр хүйсийнхээ ард хоцорч үлдэх нь элбэг. Эр хүн жаргалаар байдаг ч гэлээ эрт үхдэг нь тэднийг ямаршуухан зовлон амсдагийг харуулах биз.


Wednesday, September 22, 2010

Би гал, Чи ус




















Чи ус.

Уяран урсаж
Уур болон дэгдэж
Мөс болон хөлдөж чадна.

Би гал.
Халуун илчээр төөнөж
Хайлтал чинь дүрэлзэж
Үнс болон унтарч чадна.

Халуун илчээр төөнөхөд минь чи уяран урсаж
Хайлуулан дүрэлзэхэд минь чи уур болон дэгдэнэ.
Хүйтэн хатуу болоход чинь би үнс болон унтарч
Хүсэвч ус галыг ахин яаж асаах билээ.

Уяран урсахад чинь би зөөлнөөр төөнөж
Уур болон бүжихэд чинь би халуунаар дүрэлзэнэ.
Хүсэл шатсан халуун гал чамайг минь үгүй болгож
Хичээвч гал усыг хэрхэн бий болгох билээ.

Уур болоод замхарчихна

Унтраад үнс болчихно
Чамд ойртож болохгүй
Чи ус. Би гал.

Tuesday, September 21, 2010

Навчаа санагалзсан мөчирний шүлэг














Гуниглаж суухдаа тэр шөнө нууцаа шивнээд явсан
Гурвалжин навч өнөө мөчирөө орхиод нисчихжээ
Борооны дараах үнэрт сэтгэл гэгэлзэн догдолсондоо л
Бодож явдаг нууцаа чамд итгэж шивнэсэн сэн

Тээж явдаг нууц минь хадгалахад тийм хэцүү санагдсан уу
Тэгээд л чи гунигласаар байгаад мөчирөө орхиод нисчихээ юу
Нойтон борооны дараах анхилуун салхинаар тасарч гарсан
Нов ногоон хүүхэн навч гунигтай л хийсэж яваа болов уу

Надаас хийсээд явчихсан нууцыг минь мэддэг навч минь
Нандин цагаан сэтгэлээ чи ямархан нэгэнд дэлгээ бол
Хөнгөн цас дээрээс будран өвөл ирлээ даарч байна уу
Хөлөртөл чинь тэврээд дулаацуулмаар байвч мөчиртөө чи алга даа


Sunday, September 19, 2010

Маргааш...

Өөрчлөх боломж бүхий өчигдрийг өнөөдөр гэдэг шүү дээ.
Харин өөрчлөгдөх боломж бүхий өнөөдрийг маргааш гэж хэлж болно оо...
Би маргаашд их дуртай,
маргааш өнөөдрөөс хавьгүй илүү.
Өч дөчнөөн боломж бүхий маргаашууд ар араасаа цувран намайг хүлээж байгаа гэхээр яасан баярлууштай вэ.
Би шинэ өглөө эхлэхэд дуртай
"Шинэ өглөөний мэнд хүргэе" гэж дотны хүндээ хэлэх бүр ч жаргалтай.
Алтан нар хорвоо дэлхийг гэрэлтүүлж
Сэргэлэн шувууд баясалтай нь аргагүй жиргэхийг сонсоод
"Шинэ өглөө" гэж өөртөө шивнээд хөнжлөө хуу татан орноосоо босох сайхан тийм үү..
Толиныхоо өмнө өөртөө итгэлтэйгээр зогсоод хаалгаа нээн шинэ боломжруу алхахад
чихэнд эгшиглэх эрч хүчээр дүүрэн хэмнэлд өөрийн эрхгүй толгой дохин алхална.
Чанх өөдөөс нар тусч
цэлмэг хөх тэнгэр, дээр минь гялтайна.
Байрны гадаа өглөө бүр нохойгоо салхилуулах ахын хажуугаар нохойг нь танимхайрч шүгэлдчихээд цааш алхана
Хажуугаар нь гүйцэж түрүүлж байхдаа "энэ охин яасан нойрмог байх юмбдэ" гэж нэг бодчихоод
ганган машин хөлөглөсөн гаруудад "би наадхаас чинь илүүг унана" гэдэг хүслээ урдуур нь хээв нэг алхаж байхдаа бараг хэлчихээд л өнгөрнө.
Хэсэгхэн шороон замтай газар машин тоос босгон өнгөрхөд нүдээ ч цавчилгүй цүнхээ барин
гялалзсан ботинктой залуу тоос зүсэн тодрон алхана
Гэтэл хажууд хүмүүс ам хамраа дараад л сүртэй...
Өглөөний эрч хүч хичнээн их гэдгийг энэ жишээ нотлоно шүү
Цааш алхан зам гардаг яг тэр газраараа хэзээ ч гүйж гарч үзээгүй ээ
Эмийн сангийн эгч нээлттэй гэдэг бичгээ эргүүлж тавьчихаад шалаа арчиж байгаа нь харагдана
Бүгд л хичээл сургууль, ажил төрөлдөө яаран алхаж дотроо нэгийг бодон алхана..
Автобусны буудал арай хол болсон болоод ч тэр үү олон хүнтэй зөрж олон юм бодож алхах юм.
Өмнө нь гэрээсээ гараад iPodoo асаан 1 дуу хагастай сонсоход буудал орчихдог л байсан
одоо яг 2 дуу сонсоод байгаа юм.
Түүний ачаар өглөөний сайхныг хагас дуугаар илүү мэдэрч байна шүү..
Түрүү жил нойрондоо дийлдэн оройтож босчихоод хам хум гарч автобусны араас гүйн байж суугаад хичээлээсээ хоцорчихдог байлаа
Харин олон маргааш өнгөрч алдаагаа бага багаар засч амьдралд арай ухаалаг хандахыг хүсэх болсон.
Цаашдаа маргааш бүхэнд улам л татагдах болно
Өчигдрөөс маргааш хамаагүй илүү байгаа биз...

Ганцаардлаас зугатаая

Ганцаараа үлдсэн навч мөчрөөсөө зүүгдээд уйлж байна.
Гадаа намар ирчихсэн.
Газар ойрхон харагдаж байна.

Ганцхан олдох амьдралын намар хаяанд ирчихсэн байна.
Гараас минь атга.
Ганцаардлаас зугатаая

Saturday, September 18, 2010

Охидод нэг тийм далд увидас байдаг























Охидод нэг тийм далд увидас байдаг

Олж түүнийг нь харсан залуу гунигийн далайд живдэг
Эцсийн удаа орчлонг харахаар тэнгисийн дундаас тэмүүлтэл
Инээмсэглэсэн бүсгүй нүдрүү нь ширтээд эрэг дээр сууж байдаг

Охидод нэг тийм хязгааргүй хүч байдаг
Олж түүнийг нь харсан залуу үхлээс ч айхаан больдог
Орь залуухан сэтгэлүүд ийм л шаналалаас болоод
Орчлонг орхисон гунигт түүх тоо томшгүй байдаг

Охидод нэг тийм хэмжээлшгүй гоо үзэсгэлэн байдаг
Олж түүнийг нь харсан залуу бүхнээ дэнчинд тавьдаг
Гэрэлт саран доорх хэдэн зуун учрал тохиолын цаана
Гэмгүй дурласан сэтгэл л дандаа золиос болж үлддэг

Охидод нэг тийм далд увидас байдаг
Олж түүнийг нь харчихаад би ...

Monday, September 13, 2010

***



Тээр жил зүүдлээд мартчихсан нүд энэ байна, мөн байна
Тэргэл сар цагаан цас лааны гэрэл улаан дарс
Унтаж сэрээд удтал санааширсан учрал энэ байна
Уучлаарай чи намайг танихгүй, гэхдээ л мөн байна

Инээмсэглэл чинь ийм байлуу нэг л танил
Их зантай хар үстэй тээр жилийн минь зүүд
Зөн чагнаж зүүд нотлох мэт ахиад л цас хаяллаа
Зүгээр дээ чи намайг танихгүй гэхдээ л мөн байна

Харц тулгарч сэтгэл ичингүйрэх энэ л агшинг
Хайр соёолж дурлал нахиалсан энэ л мөчийг
Эгэл нэгэн залуугийн инээмсэглэсэн нууцлаг харцыг
Эрт орой чи зүүдлэх л болно, тэгээд удтал санааширна

Зүүдэлчихээд мартаж орхисон учрал энэ байна, мөн байна
Зүрх зүрхээ нүд нүдээ ширтэж байна би мэдэрч байна
Нэг л шөнө чамайг ахиад л зүүдэлнэ тэгээд л би мартчихна
Нэвсийсэн цастай өвлөөр надтай чи учирна тэгэхэд л гэнэт санана...

Wednesday, September 8, 2010

Тэр тамхи татдаг

[modern-art-and-smoking-of-cigarettes8.jpg]

Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Тэр тамхи татдаг
Санаашрал нь утаа болоод түүнийг орхиж байна гэж итгэж
Тэр тамхи татдаг


Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Тэр тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Тэр тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Тэр тамхи татдаг
Түүнд буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Тэр тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Тэр тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Тэр тамхи татдаг...

Би чиний залуу

Нүдээ аниад намайг олж хараарай - би царайлаг залуу
Нүцгэн биеэрээ амтлаад нэг үзээрэй - би янаг халуун
Чихээ таглаад дуулахыг минь сонсоорой - би сайхан хоолойтой
Чин сэтгэлээсээ ярихыг минь чагнаарай - би чиний залуу

Нүдээ аньчихаад байхад чинь би харагдаад байвал
Нүцгэн биеэс чинь би л амтагдаад байвал
Чихээ тагласан ч гэсэн дуу минь сонсогдоод байвал
Чин сэтгэлээсээ итгэж болно. Би чиний залуу

Sunday, September 5, 2010

♫♪♪... ЗАМД ГАРСАН ...♪♪♫



Нэг л өглөө
гитараа үүрээд гэрээсээ гарсан
Нэг уужим амьсгалж
тэнгэр лүү ширтчихээд л
алхаж эхэлсэн.
Аз жаргалын эрэл,
Аян замд ганцаараа гарсан


Зам, шороо, чулуу, өвс
Замаг, шалбааг, намаг, горхи
Хүн, мод, цэцэг, буга
Хүүхэд, хөгшид, навчис, шувуу
Дурлал гэж чухам юу байдгийг
Дуулахаар,
Харахаар,
бас амтлаж үзэхээр
Аз жаргалын эрэл,
Аян замд ганцаараа гарсан

Охид юуг мөрөөдөж,
залуус юу хүсдгийг
Одод хэрхэн анивчиж,
үүлс яаж тэвэрдгийг
Дурлал гэж чухам юу байдгийг
Дуулж, харж,
бас амтлаж үзэхээр
Аз жаргал, хүсэл мөрөөдлөө олохоор
Аян замд ганцаараа гарсан...

***



Энэ зун ингээд дуусдаг юм байж
Эхлэлээс төгсгөл хүртэл сайхан байлаа
Гэхдээ яг хаана төгсөв?
Гэрлээ асаагаад хэсэг бодлоо...
Хамгийн сүүлд од харвахыг харсан
тэр үед үү,
Хачин их саналаа гээд чамайг тэвэрсэн
тэр мөчид үү?
Ямар ч байсан зун дууссан
Яалтай ч билээ одоо битгий гунигла!
Зуны зугаатай дурсамжаар зам хийж
Зулзаган гацуурын дэргэд анхны цастай хамт оч...
Цав цагаан цас тэнгэрээс бударч
Цав цагаан гудамжаар алхаж байна
гэж төсөөл...