Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Friday, April 29, 2011

Чи яг дурлал шиг

n

Чи яг бороо шиг
Чамд хүрэх тийм хэцүү
Тэгээд л би алгаа тосон
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.

Чи яг нар шиг
Чиний өөдөөс эгц ширтэх тийм хэцүү
Тэгээд л би нүдээ анин
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэврэхийг чинь хүлээдэг...

Friday, April 22, 2011

Look Forward...

Би ямар ч л байсан энд юм бичмээр байгаагаа мэдэж байна. Гэхдээ юун тухай бичихээ сайн мэдэхгүй нь...

Надад их олон хүн дуртай, олон хүн хайртай... Миний аав ээж, дүү, эмээ өвөө, ах эгч маань надад маш их хайртай, найзууд маань ч надад хайртай.
Бас бусдад би сайхан сэтгэгдэл төрүүлж байсан, тэдгээр хүмүүс надад дуртай... Би хэн нэгэнд анх сайхан сэтгэгдэл төрүүлсэн бол яг л тэр сайхан хэвээрээ байхыг хүсэх юм.

"
I have a dream" гэж дэлхийд цуутай мундаг нэгэн хэлсэн шиг "Надад мөрөөдөл бий" гэж бас дотроо би хэлдэг...
Хүн амьдралдаа нэг том зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд бас өч төчнөөн зорилго зорилтуудад хүрэх шаардлага гарч ирэх юм.
Тэр хэд хичнээн нь ч мэдэгдэхгүй олон зорилтуудаа биелүүлэх гэж бас тоо томшгүй их саад бартааг туулах хэрэг гарах юм.
Тэр бартааг давах гэж, даваад зорилтдоо хүрч хамгийн том зорилгоо гүйцэлдүүлэх гэж хамаг байдгаараа хичээвч ихэнх нь зорилгынхоо эцэст хүрч, сэтгэл амарч чадахгүй байсаар энэ нас нь элэгдэж залуу нас нь дуусдаг байж мэднэ...
Миний ганц айдас энэ...
Энэ айдас маань миний мөрөөдлийг илэрхийлж байдаг. Сайн ухаж ойлгоорой...

Sunday, April 17, 2011

The Colors of Soul



Чиний дарсан борооны зургийг харахад
Чийг үнэртэнэ.
Цээжинд хурсан уйтгар минь
Бороонд хувилаад чам руу очиж дээ.
Сэтгэл норно.

Чиний дарсан навчны зургийг хараад
Уруулаа хазална.
Чамайг үгүйлэх уруул минь
Навчинд хувилаад чам руу хийсэж дээ.
Тэр навчийг чи үнссэн үү?

Wednesday, April 13, 2011

Тэр минийх мөн үү?



Би нэгэн уйтгартай эмэгтэйг таньдаг
Бие нь сэтгэлээсээ намхан гэдгийг мэддэг
Хөлөртөл нь тэвэрч чадах халуун сэтгэлийг хүлээхдээ
Хөнжилөө тас зууран зунаар ч даардгийг нь ойлгодог

Би нэгэн гунигтай эмэгтэйг таньдаг
Бичсэн шүлгээсээ ч илүү яруу гэдгийг нь мэддэг
Хаа нэгтээгээс ирэх цагаан сүнсийг үргээчих вий гэхдээ
Хав хар хувцастай харанхуйд суудгийг нь ойлгодог

Нүдээ гэхдээ яах гэж аньдагийг чинь, би хэний дүрд тоголдогоо
Нүцгэн биеэс чинь чухам юу тэгж гэрэлтдэгийг
Биеэрээ сүнсээ харамлах мэт тас тэвэрчихээд
"Би чинийх мөн үү" гэж асуусан хэрнээ
Яагаад хариулт хүлээдэггүйг чинь би мэддэггүй...
Би тэр нууцлаг эмэгтэйг таньдаггүй...

Wednesday, April 6, 2011

Хаврын намуухан орой...



Хайр дурлалаас холуур хэтэрхий удахаар хайр дурлал ч намайг мартчих шиг байна.
Их л завгүй амьдралтай хүн оргиж энд тэнд юм амжуулах гэж гүйгээд эргэн тойронд маань юу болж байгааг, үеийн залуусын маань сэтгэл хөдлөл хэрхэн өөрчлөгдөж дэвэрч байгааг анзаарсангүй ээ...
Орой гэрлүүгээ ганцаараа алхаж явахдаа л сая нэг мэдээ орлоо.
Жоохон дүү нар байрныхаа гадаа хөөцөлдөж тоглоод л бөөн чимээ шуугиан, хосууд инээд алдаж нэгэндээ тунирхан хажуугаар зөрж өнгөрөөд л, хүмүүс нэг л тайван юунд ч яараагүй, нүүрэнд нь мишээл тодроод л, амьсгалах агаар тунгалаг, сартай тэнгэр цэлмэг үзэгдэхэд өөрийн эрхгүй уртаас урт амьсгаа авна... Хаврын намуухан орой ийм л байдагсан...
Гэхдээ үүнээс ч сайхан зуны улирал удахгүй ирнэ гэхээр юутай жаргалтай...
Ийм л үед хүний сэтгэлд энэ сайхан мэдрэмжээс илүү өнөө л хайр гэгч нь үгүйлэгдэх юм.
Хуучин дурсамжуудаас илүү миний огт таньж мэдэхгүй хэзээ ч харж төсөөлж байгаагүй тийм дурлалыг би хүлээчихлээ... Би тийм хэтэрхий сайхан дурлалыг хүлээж байгаа болохоор удахгүй надтай таарах тэр бүсгүй миний сэтгэлд хүрэхгүй бол яана гэж би айхгүй байна. Яагаад гэвэл миний хэзээ ч бодож төсөөлж байгаагүй тийм зүйл надтай таарах учраас яадаг ч байсан надад сайхныг мэдрүүлнэ...
Хаврын намуухан орой ийм л бодлуудаар дүүрэн байдагсан...

Monday, April 4, 2011

Нэгэн сэтгэл хөдөлгөм түүх...

Аргентиний алдарт голфьчин Роберт Де Винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй, үхлийн даваан дээр байгааг, бас хүүхдээ эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинг маш их эмзэглүүлсэн тул саяхан тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нилээд хэсгийг чек болгон бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд "Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Дараагийн долоо хоногт клуб дээрээ бэлтгэлээ хийж дуусаад өдрийн хоолоо идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан нь түүнд дөхөж ирээд “Өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм ярьж байсныг тань сонссон” гэхэд Роберт “Тийм” гэж хариулав. Нөгөө ажилтан “Тэгвэл танд нэг муу мэдээ дуулгая. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “Энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” гэхэд “Тийм ээ, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” гэсэнд Роберт: “Ашгүй дээ! Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна, өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ...

***



Хүсэл бүхний хариуд шунал, шаналал...
Хүүхнүүдэд хааяа дурламааргүй санагддаг
Улалзсан, дүрэлзсэн, гэрэл цацарсан
Учралуудаас ч заримдаа зугтмаар болдог.
Ганцаардлын цэнхэр гунигийн шар өнгөөр
гортиг татаад тэг дунд нь сууж
Гав ганцаараа уумаар болдог.
Орилмоор...
Огт танихгүй бүсгүйг тэврээд
Оройжин бас уйлмаар санагддаг...

Saturday, April 2, 2011

***



Сар яг л санаашран буй хэн нэгний харц мэт гунигтай

Сар туссан цагаан цаас бас л цайлган сэтгэл мэт гунигтай
Үүл яг л уйлах гэж байгаа бүсгүйн сул гэгээн гэзэг мэт гунигтай
Үзэг минь бас өвс мэт анир чимээгүй далд гунигтай

Дэрвэгэр сормуус, уруул, цэцэг, голын урсгал гунигтай
Дэлхий тэр чигээрээ даашгүй тийм хүнд гүн гунигтай
Хорин жил эрээлжин өнгөрсөн үйл явдлуудын цаана байгаа
Хожим надад ирэх гэгээн алсад харин гуниг бий болов уу, үгүй болов уу?

Friday, April 1, 2011

Би ингэж амьдарна - 2



Наран жаргах ув улаан тэнгэрийн дор охиноо тэврээд

Наян зургаан онд тарьсан дурлалынхаа модны сүүдэрт саатаад
Яруу сэтгэлээ ээжид нь анх хэрхэн өгсөн тухайгаа ярихад
Яг л та хоёр шиг дурлана гэж охин минь хэлж сар инээмсэглэнэ

Залуу модны мөчирт хүзүүний зүүлт мэт хэлхсэн
Савлуур сандал дээр би ирээдүйн дурлалыг бүүвэйлнэ
Чихэнд нь шивнэх шүлгий минь сонсох гэж одот тэнгэр анир алдархад
Чи минь горхины дэргэдээс бидний зүг ширтэх нь сар мэт гэгээтэй...