Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Sunday, November 28, 2010

Уйлж зүүдэллээ...


Уйтгарлаж уйтгарлаж унтаад, уйлж зүүдэллээ
Уулгүй, усгүй, эзгүй газар
Ургаж дээ би, уйлахаас яахав...

Хөөр баяр, аз жаргалаас түмэн бээр алсад ганцаар
Хөлөө мод шиг газарт булаад
Хөшиж дээ би, уйлахаас яахав...
Навчин хэлбэртэй нулимс ар араас нь унагахад
Намар оройн салхи гунигт гараараа арчина
Хөлийг минь тойрч эргэлдээд мянган нулимс
Хөрсөнд шингэнэ, ахиад л надаас унана.

Гэтэл тээр дээр...
Тийм өндөрт ганц шувуу, бас л уйлчихаж
Тэнгэр нулимсыг нь үүлээр арчина
Газарт ч нулимс...
Тэнгэрт ч нулимс...
Ганцаар сэтгэл үргэлж нулимстай...

Ганцаараа...


Тийм ээ,
Хайрт минь цаг хугацаа ийм уйтгартай
Тэвчиж хүлээнэ гэдэг ийм хэцүү
Ганцаардал гэдэг яг л элс шиг
Шигдээд л, шигдээд л,
Гараас минь чи л ирж татахгүй бол...

Тээр жилийн тэр өдөр

Арвын Г-ийн охин хүзүүндээ толботой хичээлдээ ирсэн өдөр
Анхны хайрын навч унаж сэтгэлийн мөчир эзгүйрсэн нэг их гунигтай өдөр
Тормогор нүдэн охинд тэгтлээн гомдоод нэг ч үг дуугараагүй өдөр
Тооны дэвтэр дээрээ хайртай байсаан гэж бичээд муу авсан өдөр өө...

Sunday, November 21, 2010

Төсөөлөл...

Ганцхан ширхэг сормуус тасраад
Эсвэл, ганцхан ширхэг навч тасраад
Эсвэл бүр, ганцхан дусал нулимс тасраад
Амьтай мэт алгуурхан дээшилж эхэлвэл
Араас нь ширтээд л би газар дээр үлдвэл
Тэнгэрээс хэн нэг нь тэднийг ховсдох мэт дуудвал
Тэр зүгээс нь бүр нүд сохлом гэгээ татаж байвал
Үүл зөөлөн ярагдаж тэнгэрийн орон харагдвал
Үсрээд орчихож чадахгүйдээ чимээгүйхэн уйлвал
Хаа нэгтэй бас нэг хүн над шиг түүнийг олж харвал
Харцнаасаа алдахгүйн тулд тэгээд яаран нулимсаа арчвал
Нисэж байсан шувуу жигүүрээ хумин тэднийг өнгөрөхийг хүлээвэл
Нэг өд нь сугарч гар дээр минь унаад "шүлэг бичээч" гэж хэлвэл
Өвс "үндсээс минь салгаад өгөөч" гээд өмднөөс минь угзарвал
Өө, ядаж сартай шөнөөр солонго татвал
Төсөөллөөсөө татгалзаж би чадахсан...

Thursday, November 18, 2010

ЗҮГЭЭР Л ХҮҮРНЭВ... (Нэгэн бүтэлгүй дурлалын захиалгаар)



Би чамд анх цэцэрлэгт байхдаа л дурласан
Бие сэтгэл гэж юу байдгийг мэдэхгүй хэрнээ дурласан
Ганц л удаа би чамайг харсан
Ямар харагдаж байсныг чинь одоо даанч санахгүй
Тэрнээс хойш би чамайг хараагүй
Тэгээд л чамайг ор тас мартчихсан,

Сурагч болчихоод ахиад
чамайг санасан
Санасан болохоор эргээд чамайг хайсан
Хайгаад олсон болохоор тэмүүлсэн
Харамсалтай нь чи дэндүү хол байсан,

Гэсэн ч чамайг мөрөөдсөн
Гэнэн дурлалдаа живж байсан
Хөөрхөн гэж чамайг өхөөрдсөн
Хөгжилтэй гэж намайг энхрийлсэн

Wednesday, November 17, 2010

Харихаар явах замд

Яагаад гэнэт цас орчихов доо харих гэж явсан юмсан
Яруу сэтгэл уйлан догдлоод л яаж ч одоо харих вэ дээ
Яагаад гэнэт цас орчихов оо бударч нэвсийн сэтгэл уяраад л
Ямар сайхан шөнө вэ харих гэж явсан юмсан...



Saturday, November 6, 2010

Цасхан

Цэцэрлэгийн хүүхдүүд шиг
Жижигхэн цагаан юмнууд
Хаа сайгүй шуугилдан үсчинэ.
Цэвэр цагаахан тэд
Нэг нэгээрээ газар унаад
Чимээгүй, хөдөлгөөнгүй болоход
Гишгэх ч газар олдохгүй
Хэцүү байлаа.