Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Saturday, October 30, 2010

Уулзах юмсан...




Хамгийн сүүлд чамтай уулзахад
Намар байсан юмсан
Одоо гэтэл өвөл болчихож,
Харин миний сэтгэлд
Зун дуусаагүй л байх юм

Чамтай уулзаж
Уруулыг чинь амтлах юмсан
Даанч би энд
Чи тэнд байгаа болохоор
Бидний хийж чадах
ганц зүйл
Дээшээ тэнгэр өөд харж
Нэгэн зүйлийг хамтдаа
Мөрөөдөх юм даа

Би энд хөх тэнгэр харж байна
Чи минь мөн харж байгаа
Бид нэг ижил зүйл харна гэдэг чинь
Хамт байгаагаас ялгаа юун тийм үү...

Friday, October 29, 2010

Юун төлөө?


Чи ер нь өөрийгөө мэдэх үү
Яг яагаад амьсгалаад
Юуны төлөө алхалаад
Юунд тэгтэлээ догдлож
Яах гэж ингэж уйтгарладаг юм бэ

Амьсгалах тоолонд чинь агаар хорогдоно
Алхах тоолонд гутал чинь элэгдэнэ
Догдлох бүрт зүрх чинь савлаж
Гуних тоолонд сэтгэл чинь шанална

Харин энэ бүгд юуны төлөө гэдэг нь
Нүдээ анихад чинь харагддаг бол
Хамаагүй бүх агаараар амьсгал
Хамаагүй ээ гутлаа цоортол алх
Сэтгэл зүрхээ сийчсэн ч чиний дур
Харин харагдахгүй байгаа бол
Зүгээр л үхчих...


Wednesday, October 27, 2010

Найзтай болохсон


Тамхи шиг
Ганц сайхан найзтай болохсон
Тайвшруулдаг, инээлгэдэг
Уурласан ч, уйлсан ч тоохгүй
Уугиж л байдаг
Тал засаж зусарддаггүй
Зовлон тоочдоггүй
Тайван, уужуу, хүлээцтэй
Мэрүүлсээр, соруулсаар, уугисаар дуусахаа
Мэдсэн ч тоохгүй
Уугиж л байдаг
Тамхи шиг
Ганц сайхан найзтай болохсон

Архи шиг
Ганц сайхан найзтай болохсон
Амьдралд гутрахад, гуниглахад
Хажууд байдаг
Айж ичихийг минь мартуулдаг, шартуулдаг
Зовлон ойлгодог
Зориг оруулдаг
Шүлэг бичүүлж, дуу дуулуулдаг
Уйлж унжаад сүйд болдоггүй
Урвадаггүй, шарвадаггүй
Архи шиг
Ганц сайхан найзтай болохсон

Thursday, October 14, 2010

Санаанаас сая сая төгрөг төрөхийн нууц

Ойрд мөнгөний талаар их бодох боллоо...
Яаж мөнгө олох вэ, ядаж өөрөө жижиг бизнесэрхүү юм хийдэг ч юм уу эсвэл сайхан зөөгчөө хийгээд жоохон ч атугай өөрийн гэсэн мөнгөтэй болмоор санагдах юм. Хичнээн санаа байвч яаж мөнгөний эх үүсвэр олох тухайгаа бодоод бодоод олдоггүй ээ. Харин тэгтэл 4 хоногийн өмнө аав маань нэг лекцэнд суух зарлиг надад буулгалаа. Юун лекц вэ гэтэл "Санаанаас сая сая төгрөг төрөхийн нууц" хэмээх Монголын топ бизнесменүүдийн тавих лекц юмсанж. Тэгээд үүнийг сонсоод л шууд билетийг нь аваад өчигдөр очиж суув аа. Хамгийн эхэнд Буян холдингийн ерөнхий захирал Жаргалсайхан гуай гозойтол гарч ирээд сүрхий сүрхий юм ярьж байна. Их хошигнох юмаа, түүнийхээр бол нэгдүгээрт эх оронч бай гэнэ. Ядаж л үндэсний үйлдвэрлэлээ дэмж гэж байна. Өөрөө бол хужаа нарт их дургүй гэсэн, барилга бариж байгаа хужаа нарт нүүр өгөх хэрэггүй, барилгаа сайхан бариулчихаад л жагсаагаад хөөгөөд явуул, монгол охидууд өөрсдөө очиж өвөрт нь орох шаардлагагүй шд гэж байна лээ. Үнэн үг. Тэгээд цааш нь нөгөө улс төрөө яриад л байна лээ. Улс төр их чухал шүү л гэж байсан. Эцэст нь: Өнөөдөр бүтэхгүй бол маргааш заавал бүтнэ гэж бодож байгаарай гэж илтгэлээ дуусгасан.
За тэгээд түүний дараагаар Чингис хаан клуб гэл үү юу гэлээ нэг тийм газрын ерөнхийлөгч манлай бизнесмен Цогоо гэж хүн илтгэлээ тавьсан.

Tuesday, October 12, 2010

***



Ердөө ганцхан харсан ч мартахын аргагүй харц

Ертөнцөд нэг л байдаг
Би түүнийг нь харсан
Ердөө ганцхан үнссэн ч үргэлж амтагдах уруул
Ертөнцөд нэг л байдаг
Би түүнийг нь үнссэн
Хэд дахин хараад ч эргэж санагддаггүй харцнуудаас
Хичнээн удаа үнсээд ч ахиж амтагддаггүй уруулуудаас
Хэтэрхий өөр
Өдөр болгон дурлаад ч ханахгүй хязгааргүй сэтгэл
Өөрт минь бас нэг л байдаг
Чи түүнийг нь аваарай...

Sunday, October 10, 2010

Зөрөөд өнгөрөх инээмсэглэлийг урд нь харсан ч юм шиг
Зөөлөн тэр л дуу хоолойг өмнө нь сонссон ч юм шиг
Зүүдэлчихээд мартаж орхисон сэтгэлд танил учирлууд
Зүрхэнд минь ахиад хичнээн нуугдаж үлдээ бол?

Зөрөөд өнгөрөх бүсгүйд би нэг л танил санагдаад
Зөв совин хэн хэнд маань нэг л зүйлийг шивнээд
Урд насандаа дурлалцаж байсан сэтгэлт хосууд ингээд
Учирна гэж байдаг юм уу? ямар танил уруул вэ.

Saturday, October 9, 2010

***



Гэрийнхээ цонхыг чи минь томоос том нээчихсэн байна
Гэгээн өглөөний агаараар ханатал амьсгалах гэж тэр биз
Сэтгэлийнхээ цонхыг надад яг ингээд нээчихсэн болохоор
Сэвтүүлэхгүй хиртүүлэхгүй, хайраар дүүрэн байлгах юмсан...

Wednesday, October 6, 2010

Өөр амьдрал хүсээд...

http://3.bp.blogspot.com/_iou-RYr0o50/S6cn6Rbs0aI/AAAAAAAABFA/5VBfOpYtxWk/s320/bird_fish_xx.jpg

Шувуу байж гэнэ.
Загас байж гэнэ.
Тэнгэрээр нисдэг байж.
Тэнгист сэлдэг байж.
Адилгүй, хоорондоо шал өөр...
Атаархаж, өөр амьдралыг хүсэж...

Тэнгэрээс уйдаж шувуу тэнгисийг мөрөөднө
Тэнгисээс залхаж загас тэнгэрийг хүснэ
Загас шувуунаас далавчийг нь гуйж гэнэ
Загаснаас шувуу сэлүүрийг нь нэхэж гэнэ
Өөрөө л хүссэн. Шувуу далавчгүй,
Гэхдээ сэлүүртэй болсон
Өөрөө л хүссэн. Загас сэлүүргүй,
Гэхдээ далавчтай болсон
Тэнгэрт нэг нь хатаж үхсэн.
Тэнгист нөгөө нь живж үхсэн.

Tuesday, October 5, 2010

Чи зовлон дундах инээмсэглэл



Чи зовлон дундах инээмсэглэл
Би жаргал дундах гуниг


Чамаас жаргалыг л мэдрэх атал
Надаас гунигт үгс урсдаг

Чи зовлон дундаас гэрэлтэх
Итгэмээргүй цагаахан инээмсэглэл

Ийм л сайхныг чинь ширтэгч
Би инээмсэглэлд дурласан гуниг

Чи зовлон дундах инээмсэглэл
Би жаргал дундах гуниг

Monday, October 4, 2010