Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, December 15, 2010

*** (Өгүүллэг - 2р хэсэг)

Эгэл биш энэ шөнөөс яг нэг жилийн өмнө би зүрхэндээ хайрлаж буй тэр нэгэн бүсгүйтэйгээ анх танилцаж билээ. Гарыг нь атгах байтугай ядаж л нэрийг нь мэдэхгүй түүнийхээ булбарайхан халуун уруулыг үнсэж танилцсандаа би итгэж яддаг. Тэр мөчийг төсөөлөх бүр атгахан зүрх минь цээжиндээ багтаж ядан оволздог.
Нэг жилийн өмнөх миний гишгэсэн мөр, таньж байна аа би. Тэнгисийн эрэг дээрх нойтон чулуу шиг том нүд дэргэдүүр өнгөрснийг одоо ч хэрнэ санаж байна аа би. Тэнгисийн эрэг дээрх нойтон чулуу шиг тэр нүд дэргэдүүр өнгөрөхөд хотын гудамж гэв гэнэт хоосон хүнгүй болчихсон. Тэгээд л би чамаас өөр хэнийг ч харахаа больчихсон. Чамаас өөр хэнийг ч харахаа больсон тэр агшинд сэтгэл зүрх миний биеийг чамруу чангааж байсан. Чамруу өөрийн мэдэлгүй ширтэн очиход чи ч мөн надаас харц салгалгүй догдлон байсан. Тэгээд л би шууд үнсчихсэн. Тээглээд байсан сэтгэл цээжийг маань тас татан гараад нисчихсэн...
***

Үргэлжлэл бий...


Tuesday, December 14, 2010

Тэр бүсгүй

Тэр бүсгүй,
хассан тайрсан
хав хар үстэй.

харанхуйд л өмсдөг
хав хар бошинзтой.
хараад л суумаар
хав хар нүдтэй.
хав хар нүд нь
хайр хүсэх мэт,
халамж нэхэх мэт
хав хар.

Тэр бүсгүй,
цангасан хүлээсэн,
цалгисан дэвэрсэн
цав цагаан сэтгэлтэй.
цав цагаан сэтгэл нь гэвч
цаг хугацааг
царайчилсаар байгаад
цантсан цонхийсон
цас шиг, цаас шиг
цав цагаан.

Тэр бүсгүй,
урагдсан хазагдсан,
уйлсан гомдсон,
ув улаан уруултай.
ууртай догшин,
улалзаж төөнөсөөр
уйтгарлаад л,
уйлаад л тайтгардаг
ув улаан.

Тэр бүсгүй,
цэв цэнхэр...


Сэтгэл

ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ,
Хүн дээр иржээ...
Хүмүүс тэгж анх,
ЖИГҮҮРТЭЙ болжээ...

Гариг ертөнцийн
тэр их ЭРДНЭЭС
Ганцхан,
Хүн л,
СЭТГЭЛИЙГ сонгожээ...
Жигүүрээ гэвч дэлгэхийг хүсээгүй
Жирийн хүмүүс нь газар дээр үлджээ...
НИСЭХ МИНЬ...

ХҮСЭЛ ШУНАЛ,
Хүн дээр иржээ...
Хүмүүс тэгж анх,
ШАНАЛАЛТАЙ болжээ...
Гариг ертөнц дээр
амьдрагсдын дотроос
Ганцхан,
Хүн л,
сэтгэлээ худалдав...
Жижигхэн далавчиндаа хүндэдсэн хөрөнгөтэй
Жирийн худалдаачдыг газар ч даасангүй ээ...

Загас сэлүүрээ
Юугаар ч солиогүй шиг
Шувуу жигүүрээ
Хэнд ч өгөөгүй шиг
Үнэт эрднээ цээжиндээ тэврээд
Үүлс сарнитал жигүүрээ дэлгээд
Үргэж,
НИСЭХ МИНЬ...

Tuesday, December 7, 2010

*** (Өгүүллэг - 1р хэсэг)

Ямар ч л байсан их л завгүй гэртээ байлаа. Цаг нилээд орой болж. Гэнэт тог тасран хав харанхуй болоход лаа асаахаас залхуурч буйдан дээрээ шигдэн суув. Нам гүм.., тайван, нэг л сайхан мэдрэмж төрөн, тог тасраад ингэж хэвтэх сайхан шүү гэж бодлоо... Гэтэл утас дугарав. Танихгүй нэгэн дугаараас "Цонхоороо хар даа" гэх мэссежийг уншаад шууд л босч хөшгөө яран их хотын амьдралыг харж хааяа нэг бодолд автдаг тэр л цонхоороо ялимгүй догдолсон сэтгэлээр өнгийн харлаа.
Гадаа цас оржээ... Бүр том томоороо малгайлан бударч, цасны ширхэг бүрээс гэрэл цацрах шиг нүд баясан сэтгэл уужирлаа. Тэнгэрээс хөвсийн унаж ертөнцийн муу муухай бүгдийг даран ариухан цагаан шинэ ертөнцийг бий болгож буй тэр цасан ширхэгүүд нүдний өмнүүр бүжиглэн байхыг хараад өөрийн эрхгүй урт гэгч нь санаа алдан нүдээ зөөлөн анилаа...
Угаас цас бороонд ухаангүй дурлагч миний сэтгэл намайг нэг мэдхэд цасан дунд тэнгэр өөд харан зогсоочихсон байлаа. Би гэрээсээ холдон хүнгүй нам гүмрүү элдвийг бодон мөрөөдөлд автан алхалсаар байв. Тэр болтол нөгөө дугаараас хариу ирээгүй л байлаа.
Зөндөө удаан алхсан ч би огт даарсангүй. Хүйтэн ч цаанаа л дулаахан санагддаг энэ улиралд би хайртай... Цас орсны дараах цэнгэг агаараар амьсгалах би дуртай...
Би явсаар нэг том гацуур модны доор ирэн дээш ширтлээ. Тэргэл саран үүлэн чөлөөний завсраар дөнгөж цухуйж харагдав. Тэнд би тэнгэрлүү ширтэн энэ хорвоо ертөнц яагаад ийм сайхан, амьдрал гэдэг яагаад тийм амттайг бишрэн зогсож байсан юм.
Тэнгэр цэлмэж сарны туяа цасан дээр ойн гялтганаж тэр шөнө мөнгөн шөнө болон хувирлаа. Эргэн тойрон нам гүм цав цагаан, тэнгэрт бүртийх ч үүлгүй, мөнхийн одод анивчин гялбаад мөнгөн саран мишээн цацархад хүний сэтгэлээс түүнийг орлуулах ямар ч гайхалтай үг үл олдоно...
***

Үргэлжлэл бий...