Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Friday, May 20, 2011

Бороотой болзооны зураглал



Гэв гэнэт бороо асгаж

Гэзгийг чинь норгосон тэнгэрт баярлана
Уянгат байгалийн нойтон үзэсгэлэн
Улам ч яруу улам ч энхрий

Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална


Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн

Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг

Бороонд цэцэг ургадаг гэсэн яасан үнэн бэ
Бороонд норсон миний цэцэг ямар үзэсгэлэнтэй вэ
Тэвэрт минь дүүлэх шувуухай минь битгий нисээрэй
Тэнгэрээс асгарах шидэт бороо минь битгий зогсоорой

Monday, May 9, 2011

Тагтан дээр



Тагтан дээр өвс зуусан болжмор миний сэтгэлд зураг болно

Танил дотно бүх зүйл нэг л өдөр ор сураггүй арилна
Тасалгааны цэцэг ургаж ургаж хамгийн сүүлд гуниг болно
Таны миний амьдрал улирч одоод бас л нэг нулимс болно

Дурлаж амжаагүй охид цаг хугацааны төгсгөлд хүсэл болно
Дулаахан харц нь хэн нэгний зүрхийг хутга шиг зүснэ
Хайр нэхэж төрсөн хүн бүхэн гомдлын эцэст уучлал болно
Хамгийн сүүлийн мөр шүлэг зүгээр л хэсэг цаас болно.

Friday, May 6, 2011

Тавдугаар сарын анхны бороо



Тавдугаар сарын бороо
Тавдугаар сарын анхны бороо
Тавдугаар сарын анхны бороо хоёр өдөр хоёр шөнө үргэлжилнэ...

Тавдугаар сарын бороо намайг санажээ
Хоёр өдөр хоёр шөнө үргэлжилсэн ч зогссонгүй
Гурав дахь өглөөгөө нарыг халхалж намайг норгосоор...

Ингэх хэрэг байсан гэж үү
Хоёр өдөр чамайг харж
Хоёр шөнө бодолд автлаа
Хүйтэн жихүүн дуслууд чинь
Хоёр хоног жиндээлээ...

Тавдугаар сарын анхны бороо
Санаснаас минь шал өөр юм...

Бороо чи хааяа л бодол хөглөн зүсэр
Хүйтнээр биш дулаахнаар над дээр шивэр
Нарыг халхалж биш алтан туяаг нь зүсэж шивэр
Намайг жиндээж биш надад онгод хайрлаж зүсэр

Солонго татаж жимс ургасан тийм л борооноор
Ногоон навчин дээр бороон тухай шүлэг эхлүүлье...