Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Friday, January 28, 2011

***



Чиний мэдэхгүй амьдралаар амьдарч
Чиний мэдрэхгүй өвдөлтийг дотроо тээгээд
Чиний хэзээ ч харж байгаагүй
хаа нэгтэйх цонхоор
Чийглэг цас нарны цацрагтай
хэрхэн учрахыг харан
Чимээгүй суух өөрийгөө
яагаад ч юм хүлцэнгүйд тооцно.


Чамайг үгүйлж байгаагаа бурууд бодож
Чамд татагдаж буйгаа бусдаас нууцлаад
Хэн ч анзаарахгүй байгаа
энэ цасны гялаан шиг үе үе анивчин
Хэзээ аних нь мэдэгдэхгүй
сэтгэлийн шархаа үе үе сэдрээн
Дурлалын цонхоо цэлийтэл нээчихээд
нууцлаг инээд урууландаа зууж
Дуу аялан суух өөрийгөө
яагаад ч юм жаргалтайд тооцно...


Wednesday, January 19, 2011

Залуу нас



Үлгэр энд дуусаж байна.
Үнэн эндээс эхэлж байна.
Час хийх энэ л агшнаас
Цаг хугацаа явж эхэллээ.

Үндэс нэгтэй хус модны мөчир нь бид гэвэл
Өдөр бүр нэг навч унагасаар л байна гээсээр л байна
Хоног өдрүүдийн салхинд нүцгэрч үлдсэн мөчрүүдээс
Хойтон жил ахиад залуу навч ургахгүй шүү дээ!


Цэцэг шиг бүсгүй навч шиг залуугийн гоо үзэсгэлэнг
Цаг хугацаа тоосоороо арчаад л одоход шаргал болно
Үхэл ч гэмээр намар ч гэмээр тэр нэгэн гийчин
Үүдийг чинь нэг л өдөр аяархан тогшино!


Үлгэр энд дуусаж байна.
Үхэл эндээс эхэлж байна.
Час хийх энэ л агшнаас.
Залуу нас чинь дусалж эхэллээ!



Б.Батзаяа

***

Нэг л мэдэхнээ... бүгд алга болчихож
Нисэж байсан шувууд нь хаашаа ч юм үргэчихсэн хов хоосон тэнгэр шиг
Нэг нэгээр нь унагасаар эцсийн навчаа үдээд нүцгэн үлдсэн мөчир шиг
Нэг л мэдэхнээ... бүгд алга болчихож...



Friday, January 14, 2011

Хэвээрээ



Нуугаад яахав
би их өөрчлөгдсөөн
гэхдээ харц минь яг хэвээрээ
Нулимс ойрхон
санаашрал удаан
сэтгэл минь ч бас хэвээрээ
Час улаахан уруулыг чинь
өдий болтол мартаж чадаагүй
Чамд дурлаж явсан тэр л зүрх
цээжинд минь цохилсон хэвээрээ
.

Thursday, January 13, 2011

***

Тэр жижигхэн хөхтэй
Хөхнийхөө товчинд сэрэлтэй
Хүйсэндээ ээмэгтэй
Хөлөрсөн байхдаа хөөрхөн
Тэр дэндүү нэрэлхүү
Тасартлаа ууж байгаагүй
Танилындаа хоноглож үзээгүй
Тамхи татахаас айдаг
Тэр залхмаар замбараагүй
Болзоонд цагтаа очиж мэдэхгүй
Борооноор шүхэр дэлгэх дургүй
Босгоны цаана саатах хүсэлгүй
Тэр уйланхай бас уйдамхай
Ууртай, уучламтгай
Урвах тухай бодож байгаагүй...


Monday, January 10, 2011

Сарыг хараад



Хол одсон сэтгэлийг мөрөөдөн нойр хулжин хэвтэхдээ
Хосгүй үзэсгэлэнг санагалзан сар өөд ширтдэг би
Үүлэн цаана булталзах саран тэрхэн мөчид
Үсээ задлаад нойрсох чиний минь дүрд хувирдаг

Амгалан саранг үзээд ганцаардал үргэн одоход нь
Амандаа сайхан нойрсоорой гэж аяархан шивнээд унтдаг би
Холын тэртээд амраг минь сар өөд ширтээд
Хотын гудманд зогсоод инээмсэглэх нь зүүдэнд үзэгддэг.

Одоо би ахиж...



Одоо би ахиж од тоолохгүй
Он жил хийгээд өнгөрснийг эргэж дурсахгүй
Намайг хайж ирсэн дурлал болгоныг тэврэхгүй
Нанчидын ширээн дээрх бөхсөн лааг асаахгүй

Одоо би ахиж нүд ширтэхгүй
Орой сэтгэл жиндээж хүний үрийг зовоохгүй
Нарыг гомдоож орхиод сартай нөхөрлөнө гэж зөрүүдлэхгүй
Намхан толгод дээрээс холыг харах гэж яарахгүй...


Thursday, January 6, 2011

***

Цас орох болгонд би чамайг боддог
Хүрвэл л хайлчих цас шиг
Ичингүйрэх чинь, инээмсэглэх чинь
Тийм эмзэг, тийм ариун
Дулаан уруул, халуун үнсэлтээ
Би чамаас нуудаг.