Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Saturday, December 31, 2011

Хоёр мянга арван нэгдүгээр оны сүүлийн тэмдэглэл



Өнөөдөр 2011 оны 12р сарын 31. Хүн төрөлхтөн он цаг хугацааг тоолж эхлээд бүхэл бүтэн хоёр мянга арван нэгэн жилийг ардаа орхижээ. Энэ урт удаан хугацаанд болсон үйл явдлыг тодорхой цаг хугацаатай нь мэдэж тэмдэглэж байхын тулд нэгэн жаран, нэгэн зуун, нэгэн мянган гэж ангилжээ. Миний хувьд, бидний хувьд хоёр дахь мянган жилийн төгсөл үед энэ дэлхий дээр ирж одоо гуравдугаар мянган жилийн эхэн үед амьдарч байна. Зуунаар ярьвал хорьдугаар зуунд төрж хорин нэгдүгээр зуунд амьдарч явна. Хэрэв чадал байвал дараагийн зуун жилийг үзэж ч болох юм. Гэхдээ бараг л боломжгүй зүйл биз. Бидний үр хүүхдүүд л хорин хоёрдугаар зуунд аж төрөх болно.
Тэгээд бодохоор бид үнэхээр өчүүхэн богино хугацаанд л энэ дэлхий гэгч аугаа том гараг ертөнц дээр хүн гэж амьдардаг байх нь. Тэгсэн хэрнээ энэ богино хугацаанд үнэхээр их зүйл тохиолдох юм.

Sunday, December 25, 2011

Ирсэн...



Үргэлж л хөгжимд дурлагч нэгэн бүсгүй байжээ
Өглөө бүрийг инээмсэглэн угтдаг байж гэнэ
Үүрд хамт байх ханхүүгээ мөрөөдөж
Өдөр бүр түүнийгээ л зурдаг байжээ...

Sunday, December 11, 2011

Хүнийх...



Чи шүлэгт дуртай шиг
Би чамд хайртай
Би чамд хайртай шиг
Чи бусдын шүлэгт дуртай

Чи хэн нэгний бичсэн шүлэгт дуртай шиг

Би чамайг хайрладаг
Чи хэн нэгний бичсэн шүлгээс өөрийгөө мэдэрдэг шиг
Би чамайг тэвэрдэг
Чи хэн нэгний гунигаа шингээсэн шүлгээс таашаал авдаг шиг
Би чамайг шунан хүсдэг
Чи хэн нэгний хамгийн гэгээлэг шүлгээс уйтгар, ганцаардлаа олж хардаг шиг
Би чамаас явдаг
Чи бусдын шүлэгт дуртай шиг
Би чамд хайртай.

Wednesday, December 7, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #5 буюу эрх чөлөөг мэдэрсэн нь



Сайн байна уу, сайн байна уу, сайн байна уу? Америкт бичсэн тэмдэглэл маань үргэлжилж байна... Энэ удаа Нью Йорк хотоор аялсан сүүлчийн өдрүүдийнхээ тэмдэглэлийг бичье.

...Өглөө сэрээд, би чинь хаана байгаа билээ, гэртээ ирчихсэн билүү, юу билээ гэж хэсэг нойрмоглон бодож гайхлаа. Урд шөнө гэртээ харьчихсан, гэрийнхэнтэйгээ уулзаж инээлдэж байна гэж зүүдэлсэн болохоор л тэр...
Босох уу байх уу гэж хэсэг хэвтсэний эцэст гэнэт орноосоо суга үсрэн босч угаалгын өрөөрүү орлоо. Сайхан гэгч нь шүршүүрт орох зуураа энэ том хотын иргэн болоод амьдарч байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж билээ.
Уснаас гарч ирээд 2 найзаа дуудангаа өрөөнийхөө хөшгийг нүд гялбуулан нээж Нью Йорк хотын цоо шинэ өглөөтэй дахин мэндэллээ. Тэнгэр цэв цэлмэг, өглөөний нар өндөр барилгын цаагуур наагуур арай хийн цухуйна. Тэгээд л өнөөх дүнгэнэсэн нүсэр чимээ, нааш цааш сүлжилдэн хурдан алхах хүмүүс, машин тэрэг, унаа хөсөгүүд...
Шинэ өглөөний мэнд Нью Йорк...

Sunday, December 4, 2011

Тэр бол...

Тэр бол
Амьдран тэсэх,
Амьд үлдэх
цорын ганц шалтгаан минь.
Аз жаргалтайгаар,
Сэтгэл хангалуун үхэх
цорын ганц боломж минь.
Хүсэл мөрөөдөлдөө хүрэх
Миний ганцхан найдвар
Хүлээх итгэл,
хүрэх оргил минь.

Тэр бол

Миний сонсдог дуунуудын
далд инээмсэглэл шиг
цээж цэлмэтэл мандах
Миний л хардаг нарнуудын
далд цацраг шиг
тийм зөөлөн илчтэй.
Миний мэдэрдэг догдлолуудыг
нууцхан шүргээд
зөөлөн савлах дүүжин дээрх
Миний л зүүдэнд ирдэг
хайр хүрэм,
ганцаардсан бяцхан охин.

Saturday, December 3, 2011

Нүд



Чи их хөөрхөн
Чиний царайнд би дурласан
Чи их ухаалаг
Чиний ухааныг би биширсэн
Чи үнэхээр эелдэг
Чиний занд би татагдсан
Чи үнэхээр зоригтой
Чиний зоригийг би үнэлсэн