Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Monday, April 12, 2010

Нэг юм байна аа. Сайхан амрах хэрэгтэй юм байна. Сэтгэл санаа тайван, бодох санах муу зүйл бага, тэгээд зорилго мөрөөдөл дүүрэн байхад байдал илт сайжрах юм шиг байна шүү! За за одоо унтлаа би.

Friday, April 9, 2010

Би бүгдийг болгоё гэвч болохгүй байна но*ш гэж!

Амьдралд юм бүхэн хүссэнээр болохгүйгээс хойш тэмцэхээс өөр аргагүй юм даа.
Би нэг үлгэр ярьж өгье л дөө.
Эрт ээ урьдын цагт юм гэнэ ээ. Нэгэн аз жаргалын вант улсад өөртөө итгэл дүүрэн, бүтэхгүй зүйл гэж хэзээ ч үгүй мэт сэтгэж тэр хэрээрээ бүгдийг бүтээж, ихийг чадаж явдаг залуу хархүү байж гэнэ. Харин түүнд нэг л өдөр тоолж барашгүй олон асуудлууд, хэмжиж болшгүй хүчирхэг өрсөлдөгчид гарч иржээ. Тэднийг дийлэхгүй л бол өөрийн вант улсдаа амар тайван амьдарч чадхааргүй болох гэнэ. Тэр бүгдийг болгохын төлөө бүгдийг хийвч санасанд нь хүрэхгүй байлаа. Тэр үнэхээр шантарч гэнэ. Гэтэл түүнийг өөрийгөө зүхэж суухад нь хаанаас ч юм бүү мэд гэнэт гэрэл цацарч ариун цагаан дагина гарч ирлээ. Тэрээр залууд нэг өгүүлбэр шивнэжээ. "Тэвчиж чадхааргүй зоригтой бай, зоригтой болох тэвчээртэй бай..." гэж хэлж гэнэ. Энэ ганцхан өгүүлбэр түүнд ямар их ухаарал, ямар том амжилт авчирсан бол...
Үүнийг ухаарч ойлгож өөрийн биеэр үзэж байж л мэдрэх биз ээ.

Tuesday, April 6, 2010

Бодрол...

Би заавал амьдралын учир утгыг олох ёстой юу?
Яах гэж амьдраад байгаагаа, Амьдралын төлөө юу хийж байгаагаа хүртэл бүгдийг нь ойлгож ухаарсныхаа дараа үхэх ёстой юу? Ухаарч, ойлгож амжилгүйгээр энэ хорвоог орхих болчихвол харамсах ёстой юу?


Үнэндээ бүх зүйл дэндүү өрөөсгөл юм... Дэндүү харьцангуй...

Гэтэл өрөөсгөл гэж юуг хэлээд байгааг, харьцангуй гэж юуг тодорхойлоод байгааг бас л мэдэхгүй. Мэддэг мөртлөө мэддэггүй хамгийн түгээмэл сэдэв....
Нэг тийм гэхийн тэмдэггүй хоосон мэдрэмж... хонгилоор алхахад гарах хөндий дуу чимээ хэнхдэг хавьцаагаас минь хүнгэнээд байх юм.
Бүх зүйлийг ойлгох гэж зүтгэхээс.... өчүүхэн юмны учрыг ч болов олох гэж хичээхээс....
Хамаагүй юм шиг мөртлөө хамаатай зүйлд санаа зовохоос... Хэрэгтэй мөртлөө хэрэггүй юм шиг тэр олон асуудлуудад эд эсээ барахаас.... залхаад, ядраад, үнэндээ бодол минь ядраад байх шиг...
Бодохсон гэж зүтгэхээр бодол минь ядраад цухуйхгүй байна. Санаагаа зовоохсон гэхээр л санаа минь цуцаад цухалзахгүй юм.
Голын ус учиргүй хөлдөөд гөлийж, гялтайсан үзэсгэлэнт мөс болохыг хараад сэтгэлээ би тийм л байлгамаар.
Юу бичээд байгаагаа, юу бичмээр байгаагаа ч үл ухаарна, дуусгасан нь дээр бололтой...

Sunday, April 4, 2010

Цэргийн бодол

Цэрэг байх ямар байдаг бол...
Уг нь намайг цэрэг болооч гэж дуудсан юмсан. Би очоогүй ээ. Надад тийм хүсэл байгаа ч цэрэг болохоос илүү зүйл бас байгаа. Гэхдээ л би битүүхэндээ цэргийн алба хаахыг мөрөөдөж явдаг. Аав, ах гээд ер нь цэрэгт явсан хүмүүсийн яриа, TV-ээр хальтхан гарсан цэргийн амьдрал, цэргийн баяраар ганц харагдах цэргийн парад, орой болгон тагтан дээрээс сонсогдох цэрэг эрсийн нэгэн зэрэг дуулах дуу энэ бүхэн надад цэргийн ангид цэрэг хувцастай жагсах ямар байдаг бол гэсэн хүслийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая! гэж жинхэнэ утгаар нь хэлэх юмсан.
"Хэзээ нэгэн цагт би цэрэг болно" гэдэг энэ хүслээ орхихгүй ээ. Тэр цагт цэргийн бодлыг дуулж цэрэгт өнгөрүүлсэн амьдралаа нүдэндээ төсөөлж зогсоно...


Өнчин дэрэн дээр нойр хулжаад
Өнийн ирээдvйг сэтгэн байхад минь
Өөрийн эрхгvй чи минь бодогдож
Өр зvрх минь чамруу тэмvvлнээ

Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дvрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарнгаас чамруу тэмvvлнээ

Хаврын улирал дөхсөнч юм уу
Хайртай vрээ санасан ч юм уу
Халагдах хоног минь ойртсон ч юм уу
Харих хоногоо тоолон сууна би

Хаврын улирал гурвантаа ирэхэд
Хайртай vр чинь том болжээ
Ханийн жаргалыг эрхгvй мөрөөдсөөр
Хайрын дуугаа чамдаа дуулъя

Saturday, April 3, 2010

Өөрөө бүгдийг чадахгүй үе бий...

Цаг хугацаа өнгөрсөөр л... Хажуугаар дугуй унасан "боломжууд" сүнгэнээд л байх юм. Би дэмий гиюүрч зогсоод л. Тэгсэн хэрнээ дотроо бачуурлаа. Уг нь би гүйвэл ч дугуйнуудыг гүйцнэ дээ. Тэгээд нэг л болж өгдөггүй ээ! Яагаад байгаа юм бол. Надад нэг л юм хэрэгтэй байна.. Намайг чи, эсвэл тэр! Араас түлхэх хэрэгтэй. Тэгэхгүй бол би эрчээ алдчихаж.
Хөөх би гүйж байна. Тэр намайг түлхчихэж. Нөгөө дугуйтай боломж гуайг гүйцэх нь. Гүйцэх гээд байхад би ядраад байна. Өөрийн эрхгүй гараа өргөлөө. Хамгийн хойно явсан нэг боломжийг барьж авлаа. Татаад унагачихлаа. Одоо дугуйтай болсоон... Ээ дээ сайхандаа! Одоо жийгээд байна даа. Урдаа яваа бусдыг гүйцэж эхэллээ. Гэхдээ би хүссэндээ хүрэх болов уу? Энэ олон боломжуудыг гүйцсэний хэрэг гарах болов уу... Гэхдээ л би жийсээр. Улам хүчтэй хурдалсаар...
Замын төгсгөлд нэг театр! Үүд нь хаалттай. Хаалгыг нь нээлээ. Чих баяслаа. Сэтгэл баяслаа. Бүр бүх бие сэтгэлээрээ баясаж байна. Тайз байна. Шат байна, шатаар тайзруу өгслөө.. Гэрэл туслаа. Зөвхөн миний өмнөөс... Микрофон авлаа, чанга атгалаа. Ая нь солигдлоо, миний цорын ганц мэддэг дуу. Эхэллээ... Театр тэр чигээрээ сэрлээ, би огшлоо. Би дуулж байна зөвхөн би... Би бүгдийг удирдаж байна зөвхөн би...
Намайг тэр түлхэж өгөөгүй бол... Надад тэр хүрээгүй бол... Надад тэр туслаагүй бол...

Thursday, April 1, 2010

Хавар ирчихэж...



Бодол хөглөгдөн сэтгэл гэгэлзээд хавар ирчихэж...
Болзоо хүлээн сэтгэл догдлоод уяхан болчихож...
Шинэхэн хаврын өглөө бүрийг гэгэлзэн угтаж
Шиврэх борооны анхны дуслыг хүлээдэг болчихож...
Хавар жил бүр чамд бэлэг авчирдагийг чи мэдэх үү?
Хавар жил бүр чамайг шинэхэн болгодгийг чи анзаардаг уу?
Чи яг одоо сэтгэл дүүрэн бэлэгтэй
Тэнгэр цэлмэх мэт уужим сэтгэлтэй
Хамгийн гэгээн хамгийн эрхэм нэгэн юм шүү!