Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, July 13, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #2



Дахиад л сайн байна уу хавтас нь гандчих вий гэж хайрлан нандигнадаг дэвтэр болсон блог минь... Эх нутгаасаа жилийн газрын зайтай байсан ч үргэлж хамт байдагт чинь талархаж байна тэмдэглэл минь..
Энэ хол газар ирээд сар хагасын хугацаа өнгөрлөө...
Байдал дээрдсэн ч үгүй бараг дордоод байх шиг. Өдөр бүр л асуудлаар дүүрэн өнгөрөх юм үнэхээр залхмаар. Гэхдээ бухимдсан бухимдлаа тайлахад маань сэрүүн тунгалаг шөнө, тэргэл сар, байнгын унаа болсон дугуй маань, бас гитар минь их тус болох юм даа... Орой үдэш энд хөл хөдөлгөөн тасарч нам гүм болж зөвхөн, энэ америкийг бүрхсэн тоо томшгүй ногоон шигүү модод нь л шуугиж сонсогдох юм... Би том хотын төвд амьдардаггүй хотоос зайдуу байдаг болохоор энд ийм нам гүм байдаг биз. Хэрэв хотын төвд амьдарвал галзуурах байх. Шөнө ганцаараа эзгүй өргөн замаар дугуйгаар давхиж сарны гэрэлд тусах өөрийнхөө сүүдрийг харан элдвийг тунгааж салхи татуулан давхих тэр мэдрэмж үнэхээр гайхалтай...

Гэвч орой ажлаасаа тарж ирэхэд халуу дүүгүүлсэн гэрт таваг дүүрэн халуун хоол хүлээж байдаггүй нь харамсалтай. Орой ч тэр өдөр ч тэр байнга л түргэн хоолны газар орж хараал идсэн хачиртай талх, эсвэл шаржигнуур тахиаг шарсан төмстэй чихэж хүсвэл түүхий ногоон байцааг ямаа шиг хивж хивж араас нь хийжүүлсэн мөстэй ундаа сорохоос залхаж байна. Энд гал түлж мах чанаж иднэ гэж мэддэггүй, зөвхөн электрон шарах шүүгээн дотроо хөлдүү пиццагаа халааж идэх нь хамгийн сайхан байдаг бололтой...

Энд ирээд угийн залхуурах дуртай би хамгийн залхуу хүн болж хувирч байна. Бүх зүйлс нь бэв бэлэн, өмсөж зүүх, угааж арчих, идэж уух, явж суух нь хүртэл хүний хөдөлмөрийг хэмнэсэн байх юм. Тарган хүмүүс нь алхаж явахгүй, жижигхэн дөрвөн дугуйн дээр тэгнэж явах нь тун сонин. Дэлгүүр нь хүртэл автомат худалдагчтай. Асуух юм гарвал автомат хариулагчтай.

Уг нь би бороонд тун чиг хайртай нэгэн. Гэтэл энд гурван өдөр дарааллан аадар бороо цутгаж хар шуурга эргэлдэн байшин барилгыг нь нураагаад хаячих юм. Америкчууд үүндээ санаа зовох нь бага. Арга ч үгүй биздээ бүх зүйлс нь даатгалтай, нэг ч доллар заралгүй буцаад сайхан байшинтай болчихно. Эвдэрч хэмхэрсэн хог хаягдлыг алаг гэрэл эргэлдүүлсэн армийнхан хоёр өдөрт л холдуулчих юм.
Борооны дараа гэнэт л нар гарна. Хэтэрхий халуунд тэнэг болтлоо ажиллахад эргээд л бороог хүснэ. Гэтэл тэнгэрт торох ч үүлгүй өдрүүд зургаа долоогоороо үргэлжилнэ. Халууцаж халууцаж буудалдаа ирэхэд агаар цэвэршүүлэгчийн тэсгэм хүйтэн огцом үлээж бараг ханиад хүргэхээ шахна гээч. Хүмүүс нь халуунд бараг гадуур харагдахгүй, агаар цэвэршүүлэгчийн хүйтэн агаар гэрт нь ч тэр, ажил дээр нь ч, машин дотор нь ч, дэлгүүрт ч тэр байнга л үлээж байна. Энд нэг эсвэл цав цагаан эсвэл пад хар хүмүүс бий. Гэхдээ миний бодлоор зүс царай, ааш араншингийн хувьд авч үзвэл ерөөсөө 10аад төрлийн л хүмүүс байдаг байх. Хоорондоо зүс царай, ааш араншингаараа адилхан хүмүүс маш олон. Хүмүүс нь ажлаа хийгээд мөнгөө олоод байж л байвал амьдрал нь сайхан байна. Хэрэв ажилгүй л мөнгөгүй л болвол бараг л үхэхээс өөр замгүй. Ажилтай, гэр бүлтэй, байшинтай, машинтай, услах цэцэрлэгтэй бол өөр юунд ч санаа зовохгүй сайхан амьдарна... Бусад зүйлсийг нь эх орон нь бэлдэж өгнө. Энэ бол Америк...
Чи энд сайхан хөгжилдөж, зугаацаж наргиж цэнгэ "Энэ бол Америк" гэж харууд нь үргэлж зөвөлнө. Тэгсэн хэрнээ зурагт радио интернэтээр ёс бус зүйлс хараалын үг хэллэг бүгдийг хатуу хориглож хэзээ ч хэн ч хараал хэлдэггүй юм шиг л бүгдийг сайхнаар харуулна. Гудамжинд чанга хангинаж буй дуун дээрх хараалын үгийг аль хэдийнэ дарчихсан л байна. Хар халуунд цээж нүцгэн явж байгаа залуучуудыг хувцасаа өмс гэж хатуу шаардана.
Хэн ч ажил дээрээ болон олон нийтийн газар тамхи татаж болохгүй. Зөвхөн тамхи татдаг тусгай газарт л татаж болно. Үйлчилгээний газруудын бараг бүх зүйл нь л автомат.

За ер нь америкийн тухай бодлоо бичиж барахгүй нь. Энд хүргээд өндөрлөе дөө... Их л сайхан эхэлсэн тэмдэглэл маань уянгын халилаар төгсөөгүйд уучлал хүсэе....

3 comments:

  1. hehe duguiga avtsan l yum bna. setgegdel neg l sngui bga yum shigee gehdee zueree LOOK FORWARD!!!

    ReplyDelete
  2. .S. ta ymar ajil hj bgm yahwde zoriod ochsn ym chin yu ch gsn dahin ng bodood setgel hangaluun bh gd uzde odoo sxnig ni harj boln shde ta chadnaa chadna

    ReplyDelete