Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Thursday, November 18, 2010

ЗҮГЭЭР Л ХҮҮРНЭВ... (Нэгэн бүтэлгүй дурлалын захиалгаар)



Би чамд анх цэцэрлэгт байхдаа л дурласан
Бие сэтгэл гэж юу байдгийг мэдэхгүй хэрнээ дурласан
Ганц л удаа би чамайг харсан
Ямар харагдаж байсныг чинь одоо даанч санахгүй
Тэрнээс хойш би чамайг хараагүй
Тэгээд л чамайг ор тас мартчихсан,

Сурагч болчихоод ахиад
чамайг санасан
Санасан болохоор эргээд чамайг хайсан
Хайгаад олсон болохоор тэмүүлсэн
Харамсалтай нь чи дэндүү хол байсан,

Гэсэн ч чамайг мөрөөдсөн
Гэнэн дурлалдаа живж байсан
Хөөрхөн гэж чамайг өхөөрдсөн
Хөгжилтэй гэж намайг энхрийлсэн
Дэргэдээс нь нүдийг чинь эгцлэнэ гэж төсөөлсөн
Даанч тэр болтол хэн нь ч тэвчиж чадаагүй...
Тэрнээс өмнө чамайг ганц л удаа харсан
Тэгэхэд бид хоёр 8 ч хүрээгүй байсан,

Одоо харин хоёул насанд хүрчихсэн байх юм
Он жилүүд өнгөрсөн ч нүдийг чинь ширтэж амжсангүй
Надад бичсэн захидлууд чинь инээмсэглэл хүлээдэг байсан
Намайг инээхийг харчихаад дэрэнд минь шургадаг байсан
Чамаас гарах үгс цаанаа л өхөөрдөм байдаг
Чамаас ирсэн захидлууд намайг энхрийлж байдаг,
Энэ бүхний эцэс хаана юм би мэдэхгүй
Энэ бүгдийн шалтгаан юу юм бас л ойлгохгүй...

Би гэхдээ ингэж бодлоо
Битүүхэндээ ингэж тайтгарлаа:
Бидний биед нэг зүйл хоёр болоод орчихож
Бүтэн байдаг зүйл хоёр хэсэг хуваагдчихаж
Одоо эргээд нэгдэх гэж байна тэд
Од шиг тэгээд гэрэлтэх байлгүй тэд
Нэгэндээ тэмүүлсэн тэр хоёр хэлтэрхий
Нэг бүхэл болоод санаа нь амрах байлгүй,

Харин ийм нэг явдлын золиос нь би юм байна
Хагас нь чамд ноогдсон учир золиос нь чи юм байна
Зүгээр л дотроосоо гаргаж аваад
Зүйгээд нэгтгээд хийсгэчихье
Тэгээд л чи бид хоёр танихгүй хүмүүс болъё
Тэр нэг ганцхан мөчид нүдрүү чинь эгцлэн харъя...

No comments:

Post a Comment