Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Thursday, October 14, 2010

Санаанаас сая сая төгрөг төрөхийн нууц

Ойрд мөнгөний талаар их бодох боллоо...
Яаж мөнгө олох вэ, ядаж өөрөө жижиг бизнесэрхүү юм хийдэг ч юм уу эсвэл сайхан зөөгчөө хийгээд жоохон ч атугай өөрийн гэсэн мөнгөтэй болмоор санагдах юм. Хичнээн санаа байвч яаж мөнгөний эх үүсвэр олох тухайгаа бодоод бодоод олдоггүй ээ. Харин тэгтэл 4 хоногийн өмнө аав маань нэг лекцэнд суух зарлиг надад буулгалаа. Юун лекц вэ гэтэл "Санаанаас сая сая төгрөг төрөхийн нууц" хэмээх Монголын топ бизнесменүүдийн тавих лекц юмсанж. Тэгээд үүнийг сонсоод л шууд билетийг нь аваад өчигдөр очиж суув аа. Хамгийн эхэнд Буян холдингийн ерөнхий захирал Жаргалсайхан гуай гозойтол гарч ирээд сүрхий сүрхий юм ярьж байна. Их хошигнох юмаа, түүнийхээр бол нэгдүгээрт эх оронч бай гэнэ. Ядаж л үндэсний үйлдвэрлэлээ дэмж гэж байна. Өөрөө бол хужаа нарт их дургүй гэсэн, барилга бариж байгаа хужаа нарт нүүр өгөх хэрэггүй, барилгаа сайхан бариулчихаад л жагсаагаад хөөгөөд явуул, монгол охидууд өөрсдөө очиж өвөрт нь орох шаардлагагүй шд гэж байна лээ. Үнэн үг. Тэгээд цааш нь нөгөө улс төрөө яриад л байна лээ. Улс төр их чухал шүү л гэж байсан. Эцэст нь: Өнөөдөр бүтэхгүй бол маргааш заавал бүтнэ гэж бодож байгаарай гэж илтгэлээ дуусгасан.
За тэгээд түүний дараагаар Чингис хаан клуб гэл үү юу гэлээ нэг тийм газрын ерөнхийлөгч манлай бизнесмен Цогоо гэж хүн илтгэлээ тавьсан. Их л ном уншдаг хүн бололтой баахан ном унш л гэсэн. Тэр хүний ярианаас Нууц гэдэг номон дээр гардаг шиг л санаанууд ажиглагдсан. Сайн явах санааных гэж их л олон хэлж хэлж буусан даа.
Энэ хүний дараа Орифлэймийн тэргүүн, хувьцаа эзэмшигч Цэвэлмаа гэж эгч өөрийн амжилтын нууцаас хуваалцсаан. Зоригтой алхам хийж бүгдийг туршиж үз л гэсэн уриатай хүн байна лээ.
За түүний дараагаар надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нэг мундаг хүн гарч ирсэн. ХААН банкны гүйцэтгэх захирал Батсайхан гэж хүн үнэхээр ухаантай, хатуужил тэсвэртэй, амьдралд нухлагдсан, хөдөөний малчин гаралтай тийм нэг ах байсан. Тэр хүн 4р ангидаа байхдаа ээж аавгүй болж бусдад ад үзэгдэж хатуу амьдралаар өссөн ч 10р ангиа алтан медальтай төгсөж МУИС-ийн санхүүгийн ангид урилгаар суралцсан. Эцэг эхгүй байтугай эцэг эхтэй оюутан ч амьдрахад хэцүү байсан 90 онд өөрөө бизнес хийж тарваганы арьс элдэж заран мөнгөтэй золгодог байснаа их бардам ярьж байсан... Тэгээд өөрийн туршлага үзэл бодлоосоо хуваалцъя гээд доор дурьдах зүйлсийг ярьсан:
Хамгийн түрүүнд хүн зорилготой байх ёстой.
Зовлон бэрхшээл гэдэг бол хүнийг хурцалж байдаг, зовлон ирэхэд битгий ай тэр таныг ялалтанд хүргэхийн тулд л ирж байгаа. Энэ бэрхшээл гэдэг бол сорил юм. Үүнийг даваад гарах эсвэл шантраад ухрах гэсэн 2 л зам бий. Хэрэв шантрах юм бол хожигдоно, даваад гарвал та ялагч болно.
Бизнес эхлэх гээд юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст хэлэхэд та өөрийнхөө хамгийн сайн чаддаг юмаа л хий. Жишээлбэл сайн багш хувийн сургууль, сайн эмч хувийн эмнэлэг байгуулсан байдаг. Мөн бусдыг дагаж бүү хошуур, хүн бүр бараа зараад байвал хэн худалдаж авах юм бэ, харин түүний оронд бараа зарж буй хүмүүст юу хэрэг болж буйг судал! Дээр нь хэлэхэд сонгож авсан тэр зүйлээ бүү орхи шантралгүй байж тогтвортой бизнес болго, тэр чинь таны баталгаа болно. Мөнгө олохоос зарах нь хэцүү. Олсон мөнгийг зарах нь их том ухаан шүү... Ингэж л энэ хүн ярьж байсан. Энэнээс ч их юм ярьсан, би товчилж байгаа юм шүү. Үнэхээр тэнд байсан хүн бүр дотроо нэгийг бодож суусан нь эргэлзээгүй.
Энэ хүний дараа Урбаникийн захирал Лхагважав гэж хүн бас их омогшингуйгаар лекцээ уншсан.
Ер нь эцэст нь хэлэхэд хүн яах гэж юуны тулд амьдардаг вэ, мөнгөний төлөө юм уу эсвэл аз жаргалын төлөө юу? Мэдээж ганц олдох өчүүхэн амьдралынхаа турш хүн аз жаргалын төлөө л зовж зүдэрдэг. Мөнгө гэдэг бол ердөө л түүнд хүргэх нэг гүүр. Тийм болохоор өөрийн хором мөч бүхнээ аз жаргалтай байлгах нь миний хамгийн том зорилго юм гэдгийг би ойлгож авсан...

1 comment:

  1. thanks medehd iluudehugi unetei zuwluguu bn shu ;)

    ReplyDelete