Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, August 31, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #4 буюу үл унтагч их хотоор (эхний өдөр)



Амрыг тань эрье блог минь...
Яг одоо 2011 оны 8 сарын 30ны өглөөний 6 цаг 25 минут. Энд ирээд сүүлийн 2 сар шахам хугацаанд амьдарч буй Вест Спрингфиелд хотын Блисс гудамжнаас нэгэн танил таксины жолоочоор Нью Йорк орох автобусруу хүргүүлснээр энэ аялал минь эхэллээ...
Хажуугаар жирэлзэн өнгөрөх ой моддыг харан гиеүрч явахдаа "Хэзээ ч унтдаггүй хот" хэмээх тодотголтой дэлхийн хамгийн том хотуудын нэг Нью Йоркийн тухай ихийг бодон төсөөлж явна... Энэ автобус их тохилог юм аа. Маш урт, зөөлөн түшлэгтэй сандалтай, дотроо интернэт орчин, цахилгааны залгуур, хөлний тавиур, хамгийн ардаа бүр 00-ийн өрөөтэй юм гээч. Компьютероо гаргаад дуу сонсон ганц хоёр көүк балгангаа тэмдэглэлээ бичиж явахад ёстой сайхан тохирсон унаа юм даа..

Өглөө 9 цагийн үед Нью Йоркод хамгийн анхны удаа хөл тавилаа. Автобусны буудлаас их хотын үүдийг нээн ороход төсөөлж байснаас минь ч том хот угтсан юм...
2 найзтайгаа гурвуулаа хэзээ ч өмнө нь ирж байгаагүй том хотод интернэт, гүүглээс хайж уншсан мэдээллээсээ өөр барьцгүй гартаа гүүгл майпруу оруулсан утсаа атган хүзүүнээсээ зургийн аппаратаа зүүн мөрөндөө ганц хайртай улаан үүргэвчээ үүрэн нүд баясан сэтгэл догдлон алхаж эхлэлээ. Бидний эхний төлөвлөгөө бол юуны түрүүнд өглөөний цайгаа ууж ганц хоёр юм идчихээд Нью Йоркийн дэлхийд алдартай газруудаар очих маршрутын хамгийн эхний газар болох Манхэттэн дүүрэгрүү очих байлаа.
Ингээд өглөөний цай зооглохоор үнэтэй биш хэрнээ муухай биш тийм зоогийн газар хайн алхаж өгсөн дөө. Дээшээ тэнгэр баганадсан өндөр барилгуудыг харан дуу алдаж, хөл хөдөлгөөн ихтэйг нь гайхаж, харагдсан сайхан бүхнийхээ зургийг даран явлаа. Тэр том хотын хөл хөдөлгөөн, машин тэрэг, дуу чимээг зүйрлэх ч юм алга. Ийм том хот хэрнээ хотын зохион байгуулалт, гудамжнуудынх нь нэр хаяг маш ойлгомжтой, бичиг үсэг л мэддэг бол огтхон ч төөрөхгүй гэж санагдсан. Юм идчихмээр газар хайж энэ ч тийм байх тэр нь ч тийм байх гэж голж шилж явсаар байгаад нэг мэдсэн Нью Йоркийн төв дүүрэг болох Манхэттэний Централ Паркийн нэг захад ирчихсэн байлаа. Энэ цэцэрлэг бол Нью Йоркийн яг төвд оршдог. Мод цэцэгсийн дунд хүмүүс нь тайван алхаад л зарим нь дасгал хийж наагуур цаагуур гүйн хүүхдүүд нь тоглож инээлдхийг харан нуурын хажуугаар алхах үнэхээр амгалан тайван сайхан байлаа. Энд хэсэг амарч байгаад өлсөөд байсан болохоор хурдхан л нэг газар орж юм идье гэж цааш явлаа.







Тэгээд нэг даруухан давгүй ресторан олж гэдсээ дүүргэж аваад гарлаа. Бид 3 хоноглох буудлаа олоогүй байсан учраас рестораны бармен ахаас нь хаанаас гайгүй буудал олж болохыг асуугаад хэлсэн зүгрүү нь явлаа. Замдаа Колумбус цирклийн ойр орчим зурагаа авхуулцгааж тэндээсээ алдарт Броэдвейн гудамжруу оров. Энэ гудамжинд олон жилийн түүхтэй Броэдвейн театр оршдог. Манхэттэний нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжилдэг маш урт тэр гудамжаар алхах замдаа барилга байгууламжийн загвар дизайн яг энэ Америк оронд л дээд цэгтээ тултал хөгжсөнийг гайхан биширч явлаа.
Тэгж явсаар байрлах буудлаа олж тэндээ ганц хоёр цаг амран эргээд гарав. Дараагийн очиж үзэх газар бол дэлхийн алдартай одуудыг амьд мэт дууриалган хийсэн байдаг алдарт лааны тосон музей байлаа. Утсандаа гүүгл майптай байхад зовох юмгүй олох юм байна лээ. Гол нь хотынх нь гудамжинд интернэт орчин энд тэндгүй байх учир бүр ч амар санагдсан. Буудалласан газраасаа 10 минут алхаад л музей дээрээ очлоо. Үүдэнд нь хүмүүс шавчихсан нэг өндөр хар залуутай бүгд л зурагаа авхуулаад байх юм. Ойртоод харвал Холливудын нэгэн хар арьст хөгшин жүжигчин зогсоод хүмүүстэй зурагаа даруулж байлаа. Царайг нь таниад байгаа ч нэрийг нь хэлж мэдэхгүй байлаа. Яаж дутхав зурагаа авхуулах санаатай дэргэд нь дөхөөд очтол өнөө лааны тосоор хийсэн гайхамшигт баримал байсныг сая мэдэв. Тэгээд дотогшоо орж тасалбарыг нь худалдаж аваад шатаар өгсөн аварга кинконгтой цуг зураг даруулснаар дэлхийн суут одуудтай уулзах аялал эхэлсэн дээ. Хөдлөхгүй дуугарахгүй л болохоос яг л бодитой мэт санагдсан шүү. Миний сэтгэлийг хамгийн их татсан баримлуудаас дурьдвал нэгдүгээрт попын хаан Майкл Жексоны баримал дараа нь Мэрилин Монро, алдарт Битлз мөн Америкийн аугаа ерөнхийлөгчүүдийн лааны тосон барималууд байсан юм. Энэ музейгээр бараг 2 цаг гаруй явсан.
Нээрээ амьдралдаа анх удаа дөрвөн хэмжээст буюу 4ди киног энд л үзлээ. Нөгөө Хаппи фийт гэдэг бүжигчин пингвинтэй хүүхэлдэйг 4ди болгоод энэ музейд орсон хүмүүст үзүүлдэг юм байна лээ. Надад лав маш их таалагдсан. Өмнөөс ус цацаад, салхиар үлээлгээд л дээр доороос юмаар ёвроод л яг хажууд нь яваад байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн. Хөгжилтэй л юм байна лээ.












За тэгээд энэ музейгээс сэтгэгдэл маш өндөр л гарч ирсэн дээ. Эндээс гараад нэг уужим амьсгалж эргэн тойрноо дахин нэг сайн ажиглаж харчихаад дараагийн төлөвлөгөө болох Манхэттэний төв талбай, дэлхийд алдартай Таймс Скверийг зорилоо. Анх удаа энд ирж буй жуулчин би сурсан ёсоороо утасныхаа газрын зураг дээр Таймс Сквер гэж хайж олон тэр чиглэлээр нь явсаар зорьсон газраа ирхэд жинхэнэ нөгөө түм түжигнэж бум бужигнаж байлаа. Шөнө байсан болохоор байшин барилгуудын гэрэл гэрэлтүүлэг, зарлал сурталчилгааны дэлгэцүүд анивчин яг л кинон дээрээс хардаг байсан нүсэр хамгийн орчин үеийн хотын дунд ороод зогсчихсон байсандаа өөртөө итгэхгүй ч байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Тэнд жуулчид маш их. Бүгд л энд тэнд зураг хөрөгөө авхуулаад л. Энэ талбайг яагаад Таймс Сквер гэж нэрлэснийг сураглавал, энд Нью Йорк Таймс сонины төв оффис байрладаг байснаас үүдэлтэй гэлцэх юм билээ. Талбайн хоёр захаар өөрсдийн авъяасаараа мөнгө олж буй зураачид, бүжигчид, дуучид зөндөө. Хүмүүсийг өмнөө суулгачихаад хөрөгийг нь зурдаг бизнес энэ хотод газар авчээ. Зарим нь эрх чөлөөний хөшөө шиг хувцаслан нүүрээ будан Америкийн далбааг барин хүмүүстэй зурагаа авхуулж байх юм. Түүнийхээ дараа зурганд багтсан хүн бүрээс доллар хурааж харагдсан. Нэг зураач залуу шөнийн Нью Йоркийн байдлыг зөвхөн шүршдэг будгаар гайхалтай чамин зурж байсныг хараад өөрийн эрхгүй нэг зураг зуруулж худалдаж авсан. Түүндээ их сэтгэл хангалуун байгаа. Тэнд байгаа хүмүүс үнэхээр авъяастай юм байна лээ. Мөн тэр хавьд дэлхийн том том компанийн оффис, Америкийн хамгийн том брэндийн дэлгүүрүүд хүмүүсийн хөлд дарагдана. Иймэрхүү байдлаар Таймс Скверийн орчим цаг шахам алхаад, сүүлдээ ядран нөгөө Алиша Кейсийн клип дээр гардаг улаан шатан дээр нь сууж амсхийв. Эргэн тойрон хүмүүс дүүрэн. Хоёр найзтайгаа элдвийг бодон гурвуулаа хэсэг чимээгүй энд тэндхийг ажиж суулаа. Тэгээд тэндээсээ босон нэгэн зоогийн газар орж оройн хоолоо идчихээд буудалруугаа алхсан даа. Замаараа Нью Йоркийн хамгийн өндөр байшин Эмпайр Стэит Бюлдинг орчихоод явлаа. Энэ үед аль хэдийнэ шөнө дунд өнгөрчихсөн байсан. Гэсэн ч хотын хөдөлгөөн яг л хэвээрээ хүмүүс холхилдож машин тэрэг давхилдаж спорт мотоциклуудын уртаас урт цуваатай тааралдаж явлаа.
Ингэж явсаар буудалдаа ирж орлуугаа үсэрхэд үнэхээр сайхан байсан шүү.
Эхний өдрийнхөө төлөвлөгөөг биелүүлчихсэн болохоор маргаашынхаа аялалыг тэсэн ядан унтахаар хэвтлээ...

Дараагийн тэмдэглэл дээрээ Эрх чөлөөний хөшөөгөөр хэрхэн аяласан, мөн дэлхийн том хотын зугаа цэнгэлийн газар ямар байдгийг сонирхсон тухайгаа бичнэ ээ. Дараа уулзъя түр баяртай.







11 comments:

  1. aviyastai shu mi nz neeree. goe temdeglel bna. 5dahi temdegleliig udku unshna gej naidiy :D

    ReplyDelete
    Replies
    1. Hehe Bayrlalaa 5 dahi temdegleliig unshsan gj naidaj bna :)

      Delete
  2. saihan nairuulj bichjee... uuruu ochhcihson yum shig bolchloo gj...

    ReplyDelete
  3. uyanga bn shuu huuye....

    ReplyDelete
  4. nudend hragdtal nairulga saitai bichsen bolhoor shimten unshlaa

    ReplyDelete
    Replies
    1. Uneheer nudend n haragdsan bol saihan hereg bna Bayrlalaa.. :)

      Delete
  5. goyl aylaad irjee ene jil new yourk zawal ochno gesen husel turluu bayrlalla

    ReplyDelete
    Replies
    1. Huslee zaaval biyluuleerei.. Bas NY.t ochood untaj bolku shuu sain ym uzeerei :)

      Delete
  6. tanii blogiig medeeleliig new york area mongolians blog deeree niitlej bolokh uu ? http://nyareamongolians.blogspot.com

    ReplyDelete