Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Friday, June 24, 2011

Олонхид зориулсан цөөн хэдэн үг...



Засах гээд бүр муухай болгочихсон
олон нөхөөстэй цамц шиг
Залгаатай хүмүүс...
Өчигдөр алгадсан хацраасаа
өнөөдөр уучлал гуйдаг
Өрөвдмөөр хувирамтгай хүмүүс...

Зангидсан хөмсөг,

цацсан шүлснийхээ араас
инээмсэглэл залгаж
бүр үнсэж ч чадах
Загас барьж хамт шарж идчихээд
маргааш нь өнөөх нуурандаа
Загас болчихсон сэлж байж ч мэдэх
замбараагүй хүмүүс...

Thursday, June 16, 2011

***


Шиврээд дуусчихсан борооны дараа
чиний тухай бодох...
Чиний тухай бодож суухад
чийг үнэртэх...

Шийдвэр гаргах хэцүүг мэдэн
чимээгүй суух...
Чив чимээгүй суух тусам
чиний л тухай бодлууд...

Болоод л өнгөрчих агшнуудыг
хадгалан үлдэх тухай
Бороо зогссоны дараа
нойтон өвс ширтэнгээ бодох...

Wednesday, June 15, 2011

Цонхруу харж удаан хэвттэл...



Цонхоор бороо,
Бас янз янзын уйтгар шагайна
Үүл өөрөө ч зүүрмэглээд унтчихмаар
Дэндүү уйтгартай бороо...
Нойтон далавчаа биш
Уйтгараа дааж ядсан болжмор
Нов ногоон зураг дээрх
Ганцхан дусал нулимс шиг...

Огт байхгүй хүнд дуралчихсан сэтгэлээ
Ойлгохоо болиод удаж байна
Салхи нэг л намуухан үнсэнэ
Сайхан биш гэж үү?

Хүсэхгүй бол март...

Санамсаргүйгээс бүх сайхан дурсамж эхэлдэг. Надтай яриа өрнүүлж, инээж, уйлсан хүн бүхэн үүнийг гэрчилнэ. Бид бүгд санамсаргүй л уулздаг. Санамсаргүй бид нэгнээ олж, санамсаргүй...

Би чамд зориулж олон ч удаа үгээ бэлдсэнсэн. Гэвч би ямар хэнэггүй билээ? Чиний төлөө сэтгэлээ хурцалж, чамд л зориулж шүлэг бичиж ч үзлээ. Гэвч одоо итгэл найдвар хэм хэмжээнээсээ хэтэрч байна. Би нээлттэй, миний сэтгэл зүй хангалттай нээлттэй. Миний тухай бодлоо илчилж ганц захиа, ядаж, ганц үг бичтэл чинь би сэтгэлийн цонхоо чиний өмнө хааж байна. Надад би "Дэндүү яараад байна" гэж хэлсэн. Гэтэл чи намайг "цайгаар", "цагирган боовоор" дайлж болноо доо? Бүгдийг байгаагаар нь хэлдэг чинь сайшаалтай. Би шударга хүмүүст дуртай. Амьдрал бидэнд ямар их амттан бэлдсэнийг хараач...
Сайн байна уу?
Магадгүй, баяртай.



Хүний чарганд битгий суу. Орос ардын үгнээс.

Wednesday, June 1, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #1

Сайн байна уу? хайрт блог минь, мөн үүнийг сонирхон уншиж суугаа найз минь. Өнөөдөр 2011 оны 5р сарын 31. Би Америкийн Нэгдсэн Улсад ирээд 5 хонолоо. Гэнэт л энд ирчихсэн нэгэн зочид буудлын үүдний танхим дахь ганц ширээний урд суугаад блогоо нээж үзэж байх юм. Баруун тийшээ харвал буудлын автомат хаалга хүн орж гарах болгонд нээгдэж хаагдаад, нээгдэх болгонд нь зөөлөн бүлээн агаар мэдрэгдээд жижигхэн шувууд шулганах сонсогдох юм. Гадаа талбай нь тийм ч том биш ганц хоёрхон машин үзэгдэнэ. Энд тэндгүй л нов ногоон модод, бүгдийг нь хөөрхөн хэлбэрт оруулаад засчихсан. Тэнгэр өөд нь харвал цайвардуу бүдэгхээн цэнхэр туяа үзэгдэх юм. Харин дотор бол агаар цэвэршүүлэгчийн бүдэгхэн дууг үе үе дугарах утас, утсаа авч олон үг урсгах буудлын ажилчин эмэгтэйн дуу хоолой нам дарж орхино. Энд их тухтай юм аа...

Friday, May 20, 2011

Бороотой болзооны зураглал



Гэв гэнэт бороо асгаж

Гэзгийг чинь норгосон тэнгэрт баярлана
Уянгат байгалийн нойтон үзэсгэлэн
Улам ч яруу улам ч энхрий

Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална


Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн

Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг

Бороонд цэцэг ургадаг гэсэн яасан үнэн бэ
Бороонд норсон миний цэцэг ямар үзэсгэлэнтэй вэ
Тэвэрт минь дүүлэх шувуухай минь битгий нисээрэй
Тэнгэрээс асгарах шидэт бороо минь битгий зогсоорой

Monday, May 9, 2011

Тагтан дээр



Тагтан дээр өвс зуусан болжмор миний сэтгэлд зураг болно

Танил дотно бүх зүйл нэг л өдөр ор сураггүй арилна
Тасалгааны цэцэг ургаж ургаж хамгийн сүүлд гуниг болно
Таны миний амьдрал улирч одоод бас л нэг нулимс болно

Дурлаж амжаагүй охид цаг хугацааны төгсгөлд хүсэл болно
Дулаахан харц нь хэн нэгний зүрхийг хутга шиг зүснэ
Хайр нэхэж төрсөн хүн бүхэн гомдлын эцэст уучлал болно
Хамгийн сүүлийн мөр шүлэг зүгээр л хэсэг цаас болно.

Friday, May 6, 2011

Тавдугаар сарын анхны бороо



Тавдугаар сарын бороо
Тавдугаар сарын анхны бороо
Тавдугаар сарын анхны бороо хоёр өдөр хоёр шөнө үргэлжилнэ...

Тавдугаар сарын бороо намайг санажээ
Хоёр өдөр хоёр шөнө үргэлжилсэн ч зогссонгүй
Гурав дахь өглөөгөө нарыг халхалж намайг норгосоор...

Ингэх хэрэг байсан гэж үү
Хоёр өдөр чамайг харж
Хоёр шөнө бодолд автлаа
Хүйтэн жихүүн дуслууд чинь
Хоёр хоног жиндээлээ...

Тавдугаар сарын анхны бороо
Санаснаас минь шал өөр юм...

Бороо чи хааяа л бодол хөглөн зүсэр
Хүйтнээр биш дулаахнаар над дээр шивэр
Нарыг халхалж биш алтан туяаг нь зүсэж шивэр
Намайг жиндээж биш надад онгод хайрлаж зүсэр

Солонго татаж жимс ургасан тийм л борооноор
Ногоон навчин дээр бороон тухай шүлэг эхлүүлье...


Friday, April 29, 2011

Чи яг дурлал шиг

n

Чи яг бороо шиг
Чамд хүрэх тийм хэцүү
Тэгээд л би алгаа тосон
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.

Чи яг нар шиг
Чиний өөдөөс эгц ширтэх тийм хэцүү
Тэгээд л би нүдээ анин
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэврэхийг чинь хүлээдэг...

Friday, April 22, 2011

Look Forward...

Би ямар ч л байсан энд юм бичмээр байгаагаа мэдэж байна. Гэхдээ юун тухай бичихээ сайн мэдэхгүй нь...

Надад их олон хүн дуртай, олон хүн хайртай... Миний аав ээж, дүү, эмээ өвөө, ах эгч маань надад маш их хайртай, найзууд маань ч надад хайртай.
Бас бусдад би сайхан сэтгэгдэл төрүүлж байсан, тэдгээр хүмүүс надад дуртай... Би хэн нэгэнд анх сайхан сэтгэгдэл төрүүлсэн бол яг л тэр сайхан хэвээрээ байхыг хүсэх юм.

"
I have a dream" гэж дэлхийд цуутай мундаг нэгэн хэлсэн шиг "Надад мөрөөдөл бий" гэж бас дотроо би хэлдэг...
Хүн амьдралдаа нэг том зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд бас өч төчнөөн зорилго зорилтуудад хүрэх шаардлага гарч ирэх юм.
Тэр хэд хичнээн нь ч мэдэгдэхгүй олон зорилтуудаа биелүүлэх гэж бас тоо томшгүй их саад бартааг туулах хэрэг гарах юм.
Тэр бартааг давах гэж, даваад зорилтдоо хүрч хамгийн том зорилгоо гүйцэлдүүлэх гэж хамаг байдгаараа хичээвч ихэнх нь зорилгынхоо эцэст хүрч, сэтгэл амарч чадахгүй байсаар энэ нас нь элэгдэж залуу нас нь дуусдаг байж мэднэ...
Миний ганц айдас энэ...
Энэ айдас маань миний мөрөөдлийг илэрхийлж байдаг. Сайн ухаж ойлгоорой...