Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Sunday, August 21, 2011

Memories...



Амьдран өнгөрүүлсэн он жилүүд
нарны сацраг мэт нүд гялбуулахад
Аль эртийн инээсэн нь ч, уйлсан нь ч
инээмсэглэлтэй л хамт нүд угаана.
Ахин ирсэн мэт улирсан бүхнээ
зэрэглээ адил хоосноос ширтэхэд
Амтлан амтлан өнгөрүүлсэн өдрүүд
бодолд автуулж нүднээ дүүрнэ.

Холын хол руу даллан нисэгч
шувууд мэт дурсамжуудаа
эргээд ир
Хонгор найз, үзэсгэлэнт бүсгүй,
жаргасан минь ч, зовсон минь ч ижил
Улирч дээ, улирч.
Гэхдээ
улирч одсон бүхэн яагаад
Уйлж уйлж унтсан хүүхэд шиг
сэтгэлийг ингэтэл догдлуулна вэ?
сэтгэлийг минь ингэтэл тайвшруулна вэ?


Tuesday, August 2, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #3 буюу Америк үдэшлэг (өгүүллэг)



-Хөгшөөн сэрээрэй... Романтик залуу минь түргэн босч үз!
Цаана чинь нөгөө Кателин залгаад байна, чамайг магадгүй өдрийн зоогонд урих санаатай байх шиг байна гэсээр хамт амьдарч буй найз маань намайг сэрээлээ.
Урд шөнийн болсон явдал нүдний урдуур зурс хийх шиг болж арай гэж нүдээ нээн орноосоо өндийлөө. Америк маягийн үдэшлэг ч ёстой гайхалтай юм даа хэмээн бодож амжив.

Wednesday, July 27, 2011

***



Илчгүй,
хүйтэн хотын хаа нэгтээх
ганцаардмал ширээн дээрээс
Ижилгүй,
өрөөсөн ээмэг олоод
чамтай уулзсан шиг баярласан...


Wednesday, July 13, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #2



Дахиад л сайн байна уу хавтас нь гандчих вий гэж хайрлан нандигнадаг дэвтэр болсон блог минь... Эх нутгаасаа жилийн газрын зайтай байсан ч үргэлж хамт байдагт чинь талархаж байна тэмдэглэл минь..

Wednesday, July 6, 2011

***


Үг хэлэхгүй байсан ч
чи намайг сонсож чадах уу?
Үй олон инээд, цуурай дундаас
санаа алдахыг минь ялгаж таних уу?
Үнсвэл,
уруулын чинь эд эс бүхэн
ширхэг ширхэгээрээ
үүл болоод нүүчихгүй байгаа?
Үргэлж л уруул дээр тээглэгч тэр үгээ
догдлон байж хэлвэл
шувуунд хувилаад
үргээд нисчихгүй байгаа?

Friday, June 24, 2011

Олонхид зориулсан цөөн хэдэн үг...



Засах гээд бүр муухай болгочихсон
олон нөхөөстэй цамц шиг
Залгаатай хүмүүс...
Өчигдөр алгадсан хацраасаа
өнөөдөр уучлал гуйдаг
Өрөвдмөөр хувирамтгай хүмүүс...

Зангидсан хөмсөг,

цацсан шүлснийхээ араас
инээмсэглэл залгаж
бүр үнсэж ч чадах
Загас барьж хамт шарж идчихээд
маргааш нь өнөөх нуурандаа
Загас болчихсон сэлж байж ч мэдэх
замбараагүй хүмүүс...

Thursday, June 16, 2011

***


Шиврээд дуусчихсан борооны дараа
чиний тухай бодох...
Чиний тухай бодож суухад
чийг үнэртэх...

Шийдвэр гаргах хэцүүг мэдэн
чимээгүй суух...
Чив чимээгүй суух тусам
чиний л тухай бодлууд...

Болоод л өнгөрчих агшнуудыг
хадгалан үлдэх тухай
Бороо зогссоны дараа
нойтон өвс ширтэнгээ бодох...

Wednesday, June 15, 2011

Цонхруу харж удаан хэвттэл...



Цонхоор бороо,
Бас янз янзын уйтгар шагайна
Үүл өөрөө ч зүүрмэглээд унтчихмаар
Дэндүү уйтгартай бороо...
Нойтон далавчаа биш
Уйтгараа дааж ядсан болжмор
Нов ногоон зураг дээрх
Ганцхан дусал нулимс шиг...

Огт байхгүй хүнд дуралчихсан сэтгэлээ
Ойлгохоо болиод удаж байна
Салхи нэг л намуухан үнсэнэ
Сайхан биш гэж үү?

Хүсэхгүй бол март...

Санамсаргүйгээс бүх сайхан дурсамж эхэлдэг. Надтай яриа өрнүүлж, инээж, уйлсан хүн бүхэн үүнийг гэрчилнэ. Бид бүгд санамсаргүй л уулздаг. Санамсаргүй бид нэгнээ олж, санамсаргүй...

Би чамд зориулж олон ч удаа үгээ бэлдсэнсэн. Гэвч би ямар хэнэггүй билээ? Чиний төлөө сэтгэлээ хурцалж, чамд л зориулж шүлэг бичиж ч үзлээ. Гэвч одоо итгэл найдвар хэм хэмжээнээсээ хэтэрч байна. Би нээлттэй, миний сэтгэл зүй хангалттай нээлттэй. Миний тухай бодлоо илчилж ганц захиа, ядаж, ганц үг бичтэл чинь би сэтгэлийн цонхоо чиний өмнө хааж байна. Надад би "Дэндүү яараад байна" гэж хэлсэн. Гэтэл чи намайг "цайгаар", "цагирган боовоор" дайлж болноо доо? Бүгдийг байгаагаар нь хэлдэг чинь сайшаалтай. Би шударга хүмүүст дуртай. Амьдрал бидэнд ямар их амттан бэлдсэнийг хараач...
Сайн байна уу?
Магадгүй, баяртай.



Хүний чарганд битгий суу. Орос ардын үгнээс.

Wednesday, June 1, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #1

Сайн байна уу? хайрт блог минь, мөн үүнийг сонирхон уншиж суугаа найз минь. Өнөөдөр 2011 оны 5р сарын 31. Би Америкийн Нэгдсэн Улсад ирээд 5 хонолоо. Гэнэт л энд ирчихсэн нэгэн зочид буудлын үүдний танхим дахь ганц ширээний урд суугаад блогоо нээж үзэж байх юм. Баруун тийшээ харвал буудлын автомат хаалга хүн орж гарах болгонд нээгдэж хаагдаад, нээгдэх болгонд нь зөөлөн бүлээн агаар мэдрэгдээд жижигхэн шувууд шулганах сонсогдох юм. Гадаа талбай нь тийм ч том биш ганц хоёрхон машин үзэгдэнэ. Энд тэндгүй л нов ногоон модод, бүгдийг нь хөөрхөн хэлбэрт оруулаад засчихсан. Тэнгэр өөд нь харвал цайвардуу бүдэгхээн цэнхэр туяа үзэгдэх юм. Харин дотор бол агаар цэвэршүүлэгчийн бүдэгхэн дууг үе үе дугарах утас, утсаа авч олон үг урсгах буудлын ажилчин эмэгтэйн дуу хоолой нам дарж орхино. Энд их тухтай юм аа...