
Дахиад л сайн байна уу хавтас нь гандчих вий гэж хайрлан нандигнадаг дэвтэр болсон блог минь... Эх нутгаасаа жилийн газрын зайтай байсан ч үргэлж хамт байдагт чинь талархаж байна тэмдэглэл минь..





Сайн байна уу? хайрт блог минь, мөн үүнийг сонирхон уншиж суугаа найз минь. Өнөөдөр 2011 оны 5р сарын 31. Би Америкийн Нэгдсэн Улсад ирээд 5 хонолоо. Гэнэт л энд ирчихсэн нэгэн зочид буудлын үүдний танхим дахь ганц ширээний урд суугаад блогоо нээж үзэж байх юм. Баруун тийшээ харвал буудлын автомат хаалга хүн орж гарах болгонд нээгдэж хаагдаад, нээгдэх болгонд нь зөөлөн бүлээн агаар мэдрэгдээд жижигхэн шувууд шулганах сонсогдох юм. Гадаа талбай нь тийм ч том биш ганц хоёрхон машин үзэгдэнэ. Энд тэндгүй л нов ногоон модод, бүгдийг нь хөөрхөн хэлбэрт оруулаад засчихсан. Тэнгэр өөд нь харвал цайвардуу бүдэгхээн цэнхэр туяа үзэгдэх юм. Харин дотор бол агаар цэвэршүүлэгчийн бүдэгхэн дууг үе үе дугарах утас, утсаа авч олон үг урсгах буудлын ажилчин эмэгтэйн дуу хоолой нам дарж орхино. Энд их тухтай юм аа...


