Нэг жилийн өмнөх миний гишгэсэн мөр, таньж байна аа би. Тэнгисийн эрэг дээрх нойтон чулуу шиг том нүд дэргэдүүр өнгөрснийг одоо ч хэрнэ санаж байна аа би. Тэнгисийн эрэг дээрх нойтон чулуу шиг тэр нүд дэргэдүүр өнгөрөхөд хотын гудамж гэв гэнэт хоосон хүнгүй болчихсон. Тэгээд л би чамаас өөр хэнийг ч харахаа больчихсон. Чамаас өөр хэнийг ч харахаа больсон тэр агшинд сэтгэл зүрх миний биеийг чамруу чангааж байсан. Чамруу өөрийн мэдэлгүй ширтэн очиход чи ч мөн надаас харц салгалгүй догдлон байсан. Тэгээд л би шууд үнсчихсэн. Тээглээд байсан сэтгэл цээжийг маань тас татан гараад нисчихсэн...
Wednesday, December 15, 2010
*** (Өгүүллэг - 2р хэсэг)
Нэг жилийн өмнөх миний гишгэсэн мөр, таньж байна аа би. Тэнгисийн эрэг дээрх нойтон чулуу шиг том нүд дэргэдүүр өнгөрснийг одоо ч хэрнэ санаж байна аа би. Тэнгисийн эрэг дээрх нойтон чулуу шиг тэр нүд дэргэдүүр өнгөрөхөд хотын гудамж гэв гэнэт хоосон хүнгүй болчихсон. Тэгээд л би чамаас өөр хэнийг ч харахаа больчихсон. Чамаас өөр хэнийг ч харахаа больсон тэр агшинд сэтгэл зүрх миний биеийг чамруу чангааж байсан. Чамруу өөрийн мэдэлгүй ширтэн очиход чи ч мөн надаас харц салгалгүй догдлон байсан. Тэгээд л би шууд үнсчихсэн. Тээглээд байсан сэтгэл цээжийг маань тас татан гараад нисчихсэн...
Tuesday, December 14, 2010
Тэр бүсгүй
хассан тайрсан
хав хар үстэй.
харанхуйд л өмсдөг
хав хар бошинзтой.
хараад л суумаар
хав хар нүдтэй.
хав хар нүд нь
хайр хүсэх мэт,
халамж нэхэх мэт
хав хар.
Тэр бүсгүй,
цангасан хүлээсэн,
цалгисан дэвэрсэн
цав цагаан сэтгэлтэй.
цав цагаан сэтгэл нь гэвч
цаг хугацааг
царайчилсаар байгаад
цантсан цонхийсон
цас шиг, цаас шиг
цав цагаан.
Тэр бүсгүй,
урагдсан хазагдсан,
уйлсан гомдсон,
ув улаан уруултай.
ууртай догшин,
улалзаж төөнөсөөр
уйтгарлаад л,
уйлаад л тайтгардаг
ув улаан.
Тэр бүсгүй,
цэв цэнхэр...
Сэтгэл
Хүн дээр иржээ...
Хүмүүс тэгж анх,
ЖИГҮҮРТЭЙ болжээ...
Гариг ертөнцийн
тэр их ЭРДНЭЭС
Ганцхан,
Хүн л,
СЭТГЭЛИЙГ сонгожээ...
Жигүүрээ гэвч дэлгэхийг хүсээгүй
Жирийн хүмүүс нь газар дээр үлджээ...
НИСЭХ МИНЬ...
ХҮСЭЛ ШУНАЛ,
Хүн дээр иржээ...
Хүмүүс тэгж анх,
ШАНАЛАЛТАЙ болжээ...
Гариг ертөнц дээр
амьдрагсдын дотроос
Ганцхан,
Хүн л,
сэтгэлээ худалдав...
Жижигхэн далавчиндаа хүндэдсэн хөрөнгөтэй
Жирийн худалдаачдыг газар ч даасангүй ээ...
Загас сэлүүрээ
Юугаар ч солиогүй шиг
Шувуу жигүүрээ
Хэнд ч өгөөгүй шиг
Үнэт эрднээ цээжиндээ тэврээд
Үүлс сарнитал жигүүрээ дэлгээд
Үргэж,
НИСЭХ МИНЬ...
Tuesday, December 7, 2010
*** (Өгүүллэг - 1р хэсэг)
Гадаа цас оржээ... Бүр том томоороо малгайлан бударч, цасны ширхэг бүрээс гэрэл цацрах шиг нүд баясан сэтгэл уужирлаа. Тэнгэрээс хөвсийн унаж ертөнцийн муу муухай бүгдийг даран ариухан цагаан шинэ ертөнцийг бий болгож буй тэр цасан ширхэгүүд нүдний өмнүүр бүжиглэн байхыг хараад өөрийн эрхгүй урт гэгч нь санаа алдан нүдээ зөөлөн анилаа...
Угаас цас бороонд ухаангүй дурлагч миний сэтгэл намайг нэг мэдхэд цасан дунд тэнгэр өөд харан зогсоочихсон байлаа. Би гэрээсээ холдон хүнгүй нам гүмрүү элдвийг бодон мөрөөдөлд автан алхалсаар байв. Тэр болтол нөгөө дугаараас хариу ирээгүй л байлаа.
Зөндөө удаан алхсан ч би огт даарсангүй. Хүйтэн ч цаанаа л дулаахан санагддаг энэ улиралд би хайртай... Цас орсны дараах цэнгэг агаараар амьсгалах би дуртай...
Би явсаар нэг том гацуур модны доор ирэн дээш ширтлээ. Тэргэл саран үүлэн чөлөөний завсраар дөнгөж цухуйж харагдав. Тэнд би тэнгэрлүү ширтэн энэ хорвоо ертөнц яагаад ийм сайхан, амьдрал гэдэг яагаад тийм амттайг бишрэн зогсож байсан юм.
Тэнгэр цэлмэж сарны туяа цасан дээр ойн гялтганаж тэр шөнө мөнгөн шөнө болон хувирлаа. Эргэн тойрон нам гүм цав цагаан, тэнгэрт бүртийх ч үүлгүй, мөнхийн одод анивчин гялбаад мөнгөн саран мишээн цацархад хүний сэтгэлээс түүнийг орлуулах ямар ч гайхалтай үг үл олдоно...
Sunday, November 28, 2010
Уйлж зүүдэллээ...
Уйтгарлаж уйтгарлаж унтаад, уйлж зүүдэллээ
Уулгүй, усгүй, эзгүй газар
Ургаж дээ би, уйлахаас яахав...
Хөөр баяр, аз жаргалаас түмэн бээр алсад ганцаар
Хөлөө мод шиг газарт булаад
Хөшиж дээ би, уйлахаас яахав...
Навчин хэлбэртэй нулимс ар араас нь унагахад
Намар оройн салхи гунигт гараараа арчина
Хөлийг минь тойрч эргэлдээд мянган нулимс
Хөрсөнд шингэнэ, ахиад л надаас унана.
Гэтэл тээр дээр...
Тийм өндөрт ганц шувуу, бас л уйлчихаж
Тэнгэр нулимсыг нь үүлээр арчина
Газарт ч нулимс...
Тэнгэрт ч нулимс...
Ганцаар сэтгэл үргэлж нулимстай...
Ганцаараа...
Тийм ээ,
Хайрт минь цаг хугацаа ийм уйтгартай
Тэвчиж хүлээнэ гэдэг ийм хэцүү
Ганцаардал гэдэг яг л элс шиг
Шигдээд л, шигдээд л,
Гараас минь чи л ирж татахгүй бол...
Тээр жилийн тэр өдөр
Анхны хайрын навч унаж сэтгэлийн мөчир эзгүйрсэн нэг их гунигтай өдөр
Тормогор нүдэн охинд тэгтлээн гомдоод нэг ч үг дуугараагүй өдөр
Тооны дэвтэр дээрээ хайртай байсаан гэж бичээд муу авсан өдөр өө...
Sunday, November 21, 2010
Төсөөлөл...
Эсвэл, ганцхан ширхэг навч тасраад
Эсвэл бүр, ганцхан дусал нулимс тасраад
Амьтай мэт алгуурхан дээшилж эхэлвэл
Араас нь ширтээд л би газар дээр үлдвэл
Тэнгэрээс хэн нэг нь тэднийг ховсдох мэт дуудвал
Тэр зүгээс нь бүр нүд сохлом гэгээ татаж байвал
Үүл зөөлөн ярагдаж тэнгэрийн орон харагдвал
Үсрээд орчихож чадахгүйдээ чимээгүйхэн уйлвал
Хаа нэгтэй бас нэг хүн над шиг түүнийг олж харвал
Харцнаасаа алдахгүйн тулд тэгээд яаран нулимсаа арчвал
Нисэж байсан шувуу жигүүрээ хумин тэднийг өнгөрөхийг хүлээвэл
Нэг өд нь сугарч гар дээр минь унаад "шүлэг бичээч" гэж хэлвэл
Өвс "үндсээс минь салгаад өгөөч" гээд өмднөөс минь угзарвал
Өө, ядаж сартай шөнөөр солонго татвал
Төсөөллөөсөө татгалзаж би чадахсан...
Thursday, November 18, 2010
ЗҮГЭЭР Л ХҮҮРНЭВ... (Нэгэн бүтэлгүй дурлалын захиалгаар)
Би чамд анх цэцэрлэгт байхдаа л дурласан
Бие сэтгэл гэж юу байдгийг мэдэхгүй хэрнээ дурласан
Ганц л удаа би чамайг харсан
Ямар харагдаж байсныг чинь одоо даанч санахгүй
Тэрнээс хойш би чамайг хараагүй
Тэгээд л чамайг ор тас мартчихсан,
Сурагч болчихоод ахиад чамайг санасан
Санасан болохоор эргээд чамайг хайсан
Хайгаад олсон болохоор тэмүүлсэн
Харамсалтай нь чи дэндүү хол байсан,
Гэсэн ч чамайг мөрөөдсөн
Гэнэн дурлалдаа живж байсан
Хөөрхөн гэж чамайг өхөөрдсөн
Хөгжилтэй гэж намайг энхрийлсэн
Wednesday, November 17, 2010
Харихаар явах замд
Яруу сэтгэл уйлан догдлоод л яаж ч одоо харих вэ дээ
Яагаад гэнэт цас орчихов оо бударч нэвсийн сэтгэл уяраад л
Ямар сайхан шөнө вэ харих гэж явсан юмсан...
Saturday, November 6, 2010
Цасхан
Жижигхэн цагаан юмнууд
Хаа сайгүй шуугилдан үсчинэ.
Цэвэр цагаахан тэд
Нэг нэгээрээ газар унаад
Чимээгүй, хөдөлгөөнгүй болоход
Гишгэх ч газар олдохгүй
Хэцүү байлаа.
Saturday, October 30, 2010
Уулзах юмсан...
Хамгийн сүүлд чамтай уулзахад
Намар байсан юмсан
Одоо гэтэл өвөл болчихож,
Харин миний сэтгэлд
Зун дуусаагүй л байх юм
Чамтай уулзаж
Уруулыг чинь амтлах юмсан
Даанч би энд
Чи тэнд байгаа болохоор
Бидний хийж чадах ганц зүйл
Дээшээ тэнгэр өөд харж
Нэгэн зүйлийг хамтдаа
Мөрөөдөх юм даа
Би энд хөх тэнгэр харж байна
Чи минь мөн харж байгаа
Бид нэг ижил зүйл харна гэдэг чинь
Хамт байгаагаас ялгаа юун тийм үү...
Friday, October 29, 2010
Юун төлөө?
Чи ер нь өөрийгөө мэдэх үү
Яг яагаад амьсгалаад
Юуны төлөө алхалаад
Юунд тэгтэлээ догдлож
Яах гэж ингэж уйтгарладаг юм бэ
Амьсгалах тоолонд чинь агаар хорогдоно
Алхах тоолонд гутал чинь элэгдэнэ
Догдлох бүрт зүрх чинь савлаж
Гуних тоолонд сэтгэл чинь шанална
Харин энэ бүгд юуны төлөө гэдэг нь
Нүдээ анихад чинь харагддаг бол
Хамаагүй бүх агаараар амьсгал
Хамаагүй ээ гутлаа цоортол алх
Сэтгэл зүрхээ сийчсэн ч чиний дур
Харин харагдахгүй байгаа бол
Зүгээр л үхчих...
Wednesday, October 27, 2010
Найзтай болохсон
Тамхи шиг
Ганц сайхан найзтай болохсон
Тайвшруулдаг, инээлгэдэг
Уурласан ч, уйлсан ч тоохгүй
Уугиж л байдаг
Тал засаж зусарддаггүй
Зовлон тоочдоггүй
Тайван, уужуу, хүлээцтэй
Мэрүүлсээр, соруулсаар, уугисаар дуусахаа
Мэдсэн ч тоохгүй
Уугиж л байдаг
Тамхи шиг
Ганц сайхан найзтай болохсон
Архи шиг
Ганц сайхан найзтай болохсон
Амьдралд гутрахад, гуниглахад
Хажууд байдаг
Айж ичихийг минь мартуулдаг, шартуулдаг
Зовлон ойлгодог
Зориг оруулдаг
Шүлэг бичүүлж, дуу дуулуулдаг
Уйлж унжаад сүйд болдоггүй
Урвадаггүй, шарвадаггүй
Архи шиг
Ганц сайхан найзтай болохсон
Thursday, October 14, 2010
Санаанаас сая сая төгрөг төрөхийн нууц
Яаж мөнгө олох вэ, ядаж өөрөө жижиг бизнесэрхүү юм хийдэг ч юм уу эсвэл сайхан зөөгчөө хийгээд жоохон ч атугай өөрийн гэсэн мөнгөтэй болмоор санагдах юм. Хичнээн санаа байвч яаж мөнгөний эх үүсвэр олох тухайгаа бодоод бодоод олдоггүй ээ. Харин тэгтэл 4 хоногийн өмнө аав маань нэг лекцэнд суух зарлиг надад буулгалаа. Юун лекц вэ гэтэл "Санаанаас сая сая төгрөг төрөхийн нууц" хэмээх Монголын топ бизнесменүүдийн тавих лекц юмсанж. Тэгээд үүнийг сонсоод л шууд билетийг нь аваад өчигдөр очиж суув аа. Хамгийн эхэнд Буян холдингийн ерөнхий захирал Жаргалсайхан гуай гозойтол гарч ирээд сүрхий сүрхий юм ярьж байна. Их хошигнох юмаа, түүнийхээр бол нэгдүгээрт эх оронч бай гэнэ. Ядаж л үндэсний үйлдвэрлэлээ дэмж гэж байна. Өөрөө бол хужаа нарт их дургүй гэсэн, барилга бариж байгаа хужаа нарт нүүр өгөх хэрэггүй, барилгаа сайхан бариулчихаад л жагсаагаад хөөгөөд явуул, монгол охидууд өөрсдөө очиж өвөрт нь орох шаардлагагүй шд гэж байна лээ. Үнэн үг. Тэгээд цааш нь нөгөө улс төрөө яриад л байна лээ. Улс төр их чухал шүү л гэж байсан. Эцэст нь: Өнөөдөр бүтэхгүй бол маргааш заавал бүтнэ гэж бодож байгаарай гэж илтгэлээ дуусгасан.
За тэгээд түүний дараагаар Чингис хаан клуб гэл үү юу гэлээ нэг тийм газрын ерөнхийлөгч манлай бизнесмен Цогоо гэж хүн илтгэлээ тавьсан.
Tuesday, October 12, 2010
***
Ердөө ганцхан харсан ч мартахын аргагүй харц
Ертөнцөд нэг л байдаг
Би түүнийг нь харсан
Ердөө ганцхан үнссэн ч үргэлж амтагдах уруул
Ертөнцөд нэг л байдаг
Би түүнийг нь үнссэн
Хэд дахин хараад ч эргэж санагддаггүй харцнуудаас
Хичнээн удаа үнсээд ч ахиж амтагддаггүй уруулуудаас
Хэтэрхий өөр
Өдөр болгон дурлаад ч ханахгүй хязгааргүй сэтгэл
Өөрт минь бас нэг л байдаг
Чи түүнийг нь аваарай...
Sunday, October 10, 2010
Зөөлөн тэр л дуу хоолойг өмнө нь сонссон ч юм шиг
Зүүдэлчихээд мартаж орхисон сэтгэлд танил учирлууд
Зүрхэнд минь ахиад хичнээн нуугдаж үлдээ бол?
Зөрөөд өнгөрөх бүсгүйд би нэг л танил санагдаад
Зөв совин хэн хэнд маань нэг л зүйлийг шивнээд
Урд насандаа дурлалцаж байсан сэтгэлт хосууд ингээд
Учирна гэж байдаг юм уу? ямар танил уруул вэ.
Saturday, October 9, 2010
***
Гэрийнхээ цонхыг чи минь томоос том нээчихсэн байна
Гэгээн өглөөний агаараар ханатал амьсгалах гэж тэр биз
Сэтгэлийнхээ цонхыг надад яг ингээд нээчихсэн болохоор
Сэвтүүлэхгүй хиртүүлэхгүй, хайраар дүүрэн байлгах юмсан...
Wednesday, October 6, 2010
Өөр амьдрал хүсээд...
Шувуу байж гэнэ.
Загас байж гэнэ.
Тэнгэрээр нисдэг байж.
Тэнгист сэлдэг байж.
Адилгүй, хоорондоо шал өөр...
Атаархаж, өөр амьдралыг хүсэж...
Тэнгэрээс уйдаж шувуу тэнгисийг мөрөөднө
Тэнгисээс залхаж загас тэнгэрийг хүснэ
Загас шувуунаас далавчийг нь гуйж гэнэ
Загаснаас шувуу сэлүүрийг нь нэхэж гэнэ
Өөрөө л хүссэн. Шувуу далавчгүй,
Гэхдээ сэлүүртэй болсон
Өөрөө л хүссэн. Загас сэлүүргүй,
Гэхдээ далавчтай болсон
Тэнгэрт нэг нь хатаж үхсэн.
Тэнгист нөгөө нь живж үхсэн.
Tuesday, October 5, 2010
Чи зовлон дундах инээмсэглэл
Чи зовлон дундах инээмсэглэл
Би жаргал дундах гуниг
Чамаас жаргалыг л мэдрэх атал
Надаас гунигт үгс урсдаг
Чи зовлон дундаас гэрэлтэх
Итгэмээргүй цагаахан инээмсэглэл
Ийм л сайхныг чинь ширтэгч
Би инээмсэглэлд дурласан гуниг
Чи зовлон дундах инээмсэглэл
Би жаргал дундах гуниг
Monday, October 4, 2010
Wednesday, September 29, 2010
Tuesday, September 28, 2010
Үнсэлцье?
Хайртай юм чинь ичээд яах юм бэ
Хоёулаа үнсэлцье
Амьсгалынхаа эцсийн мөчийг хүртэл
Анхных шигээ л хайрлана...
Хүсдэг юм чинь ичээд яах юм бэ
Хоёулаа үнсэлцье
Үүрийн цолмон ганцаар үлддэг шиг
Үүрд чамдаа, би л үлдэнэ...
Танилцахаасаа ч өмнө үнсчихсэн болохоор
Харцаараа шүлэг бичээд хийсгэчихсэн болохоор
Хоёулаа үнсэлцье
Хариуд нь чамайгаа дагуулж сарлуу нисье...
Saturday, September 25, 2010
Бороо ороход...
Шөнө дунд бороо орж байна
Одоо чинь юу билээ 9р сар бил үү?
Есөн сарын сүүлээр бороо ороод л...
Зарим нэгний сэтгэлд анхны хайр нь бодогдлоо л гэнэ
Хэнэггүй нэгэн нь дотроо
"гадаа юу дугарав" гэж гайхсан гэнэ
Харин би шаагих чимээг сонсоод
Хоёр нүдээ зөөлөн аниад
Бага насныхаа андын үерхэлээ
Эргээд нэг дурсан бодлоо...
Friday, September 24, 2010
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?
Хашгираад ч орилоод ч босож ирэхгүй чив чимээгүй хэвтээд л
Хамгийн сүүлчийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?...
Thursday, September 23, 2010
Хугараагүй нуруу
Энэ ч яахав эмэгтэй хүн бусдыг муулж хов жив ярьж доторхоо онгойлгодог байгаль эхээс өгсөн хөөрхийлэлтэй заяа нь тэр юм. Уй гуниг, хагацал зовлон ирэхийн цагт эр эмийн ялгаа эрс тэс. Эмэгтэйчүүд уйлж орилолдоно, эрэгтэй хүмүүс хөмхий зуулттай дүнсгэр дуугүй. Хэн илүү шаналдаг гэж бодно. Нулимсаа цээж руугээ урсгаж, бүхэл зүйлд өөрийгөө буруутган сэтгэлээ сэмлэдэг нь эр хүн л байдаг. Хэрүүл болоход эмэгтэй хүн л галзууран дөвчигнөж байдаг, харин эр хүн тайван сонсож суудаг. Энд би хагас дутуу эр хүний талаар бус жинхэнэ эр хүний мөн чанарын тухай л ярьж байна. Ээмэг, зүүлт, бөгж эрээн мяраан болсон эр хүн ямар харагдах билээ. Эм хүн л түүнийг эдэлж хэрэглэхээс бус эр хүн түүнд шунаад эхэлбэл хэн болох билээ. Нөхөрлөл гэдэг үг эм хүнд байдаг гэхэд эргэлзмээр. Хар бага наснаасаа хардах завгүй нөхөрлөж чаддаг нь эр улсууд л байдаг. Алдаа эндэгдлийг уужуу дотордоо өөршөөн уучилдаг нь эм хүн бус эр хүн л чаддаг. Угаас үг дуу цөөтэй гомдол мэдүүлдэггүй болохоор эрэгтэйчүүд эрхээ хамгаалъя гээд гудманд гарч жагссангүй, уулаас түшиг тулгуурын заяатай тэд эмэгтэйчүүдийнхээ тэнэглэлийг уучлан хэлтрүүлж битүү гунирхлаа дотроо хураасаар л явж байгаа... Эр, эм хоёр энэ орчлонд ижилхэн л алдаж онож, зовж зүдэрч байгаа. Нэг хүйс нь нөгөөгөөсөө илүү тавилантай юм бол байхгүй. Эмэгтэй хүний хэлдгээр эм хүйс илүү зовлонтой ч эр хүйсийнхээ ард хоцорч үлдэх нь элбэг. Эр хүн жаргалаар байдаг ч гэлээ эрт үхдэг нь тэднийг ямаршуухан зовлон амсдагийг харуулах биз.
Wednesday, September 22, 2010
Би гал, Чи ус
Чи ус.
Уяран урсаж
Уур болон дэгдэж
Мөс болон хөлдөж чадна.
Би гал.
Халуун илчээр төөнөж
Хайлтал чинь дүрэлзэж
Үнс болон унтарч чадна.
Халуун илчээр төөнөхөд минь чи уяран урсаж
Хайлуулан дүрэлзэхэд минь чи уур болон дэгдэнэ.
Хүйтэн хатуу болоход чинь би үнс болон унтарч
Хүсэвч ус галыг ахин яаж асаах билээ.
Уяран урсахад чинь би зөөлнөөр төөнөж
Уур болон бүжихэд чинь би халуунаар дүрэлзэнэ.
Хүсэл шатсан халуун гал чамайг минь үгүй болгож
Хичээвч гал усыг хэрхэн бий болгох билээ.
Уур болоод замхарчихна
Унтраад үнс болчихно
Чамд ойртож болохгүй
Чи ус. Би гал.
Tuesday, September 21, 2010
Навчаа санагалзсан мөчирний шүлэг
Гуниглаж суухдаа тэр шөнө нууцаа шивнээд явсан
Гурвалжин навч өнөө мөчирөө орхиод нисчихжээ
Борооны дараах үнэрт сэтгэл гэгэлзэн догдолсондоо л
Бодож явдаг нууцаа чамд итгэж шивнэсэн сэн
Тээж явдаг нууц минь хадгалахад тийм хэцүү санагдсан уу
Тэгээд л чи гунигласаар байгаад мөчирөө орхиод нисчихээ юу
Нойтон борооны дараах анхилуун салхинаар тасарч гарсан
Нов ногоон хүүхэн навч гунигтай л хийсэж яваа болов уу
Надаас хийсээд явчихсан нууцыг минь мэддэг навч минь
Нандин цагаан сэтгэлээ чи ямархан нэгэнд дэлгээ бол
Хөнгөн цас дээрээс будран өвөл ирлээ даарч байна уу
Хөлөртөл чинь тэврээд дулаацуулмаар байвч мөчиртөө чи алга даа
Sunday, September 19, 2010
Маргааш...
Харин өөрчлөгдөх боломж бүхий өнөөдрийг маргааш гэж хэлж болно оо...
Би маргаашд их дуртай,
маргааш өнөөдрөөс хавьгүй илүү.
Өч дөчнөөн боломж бүхий маргаашууд ар араасаа цувран намайг хүлээж байгаа гэхээр яасан баярлууштай вэ.
Би шинэ өглөө эхлэхэд дуртай
"Шинэ өглөөний мэнд хүргэе" гэж дотны хүндээ хэлэх бүр ч жаргалтай.
Алтан нар хорвоо дэлхийг гэрэлтүүлж
Сэргэлэн шувууд баясалтай нь аргагүй жиргэхийг сонсоод
"Шинэ өглөө" гэж өөртөө шивнээд хөнжлөө хуу татан орноосоо босох сайхан тийм үү..
Толиныхоо өмнө өөртөө итгэлтэйгээр зогсоод хаалгаа нээн шинэ боломжруу алхахад
чихэнд эгшиглэх эрч хүчээр дүүрэн хэмнэлд өөрийн эрхгүй толгой дохин алхална.
Чанх өөдөөс нар тусч
цэлмэг хөх тэнгэр, дээр минь гялтайна.
Байрны гадаа өглөө бүр нохойгоо салхилуулах ахын хажуугаар нохойг нь танимхайрч шүгэлдчихээд цааш алхана
Хажуугаар нь гүйцэж түрүүлж байхдаа "энэ охин яасан нойрмог байх юмбдэ" гэж нэг бодчихоод
ганган машин хөлөглөсөн гаруудад "би наадхаас чинь илүүг унана" гэдэг хүслээ урдуур нь хээв нэг алхаж байхдаа бараг хэлчихээд л өнгөрнө.
Хэсэгхэн шороон замтай газар машин тоос босгон өнгөрхөд нүдээ ч цавчилгүй цүнхээ барин
гялалзсан ботинктой залуу тоос зүсэн тодрон алхана
Гэтэл хажууд хүмүүс ам хамраа дараад л сүртэй...
Өглөөний эрч хүч хичнээн их гэдгийг энэ жишээ нотлоно шүү
Цааш алхан зам гардаг яг тэр газраараа хэзээ ч гүйж гарч үзээгүй ээ
Эмийн сангийн эгч нээлттэй гэдэг бичгээ эргүүлж тавьчихаад шалаа арчиж байгаа нь харагдана
Бүгд л хичээл сургууль, ажил төрөлдөө яаран алхаж дотроо нэгийг бодон алхана..
Автобусны буудал арай хол болсон болоод ч тэр үү олон хүнтэй зөрж олон юм бодож алхах юм.
Өмнө нь гэрээсээ гараад iPodoo асаан 1 дуу хагастай сонсоход буудал орчихдог л байсан
одоо яг 2 дуу сонсоод байгаа юм.
Түүний ачаар өглөөний сайхныг хагас дуугаар илүү мэдэрч байна шүү..
Түрүү жил нойрондоо дийлдэн оройтож босчихоод хам хум гарч автобусны араас гүйн байж суугаад хичээлээсээ хоцорчихдог байлаа
Харин олон маргааш өнгөрч алдаагаа бага багаар засч амьдралд арай ухаалаг хандахыг хүсэх болсон.
Цаашдаа маргааш бүхэнд улам л татагдах болно
Өчигдрөөс маргааш хамаагүй илүү байгаа биз...
Ганцаардлаас зугатаая
Гадаа намар ирчихсэн.
Газар ойрхон харагдаж байна.
Ганцхан олдох амьдралын намар хаяанд ирчихсэн байна.
Гараас минь атга.
Ганцаардлаас зугатаая
Saturday, September 18, 2010
Охидод нэг тийм далд увидас байдаг
Охидод нэг тийм далд увидас байдаг
Олж түүнийг нь харсан залуу гунигийн далайд живдэг
Эцсийн удаа орчлонг харахаар тэнгисийн дундаас тэмүүлтэл
Инээмсэглэсэн бүсгүй нүдрүү нь ширтээд эрэг дээр сууж байдаг
Охидод нэг тийм хязгааргүй хүч байдаг
Олж түүнийг нь харсан залуу үхлээс ч айхаан больдог
Орь залуухан сэтгэлүүд ийм л шаналалаас болоод
Орчлонг орхисон гунигт түүх тоо томшгүй байдаг
Охидод нэг тийм хэмжээлшгүй гоо үзэсгэлэн байдаг
Олж түүнийг нь харсан залуу бүхнээ дэнчинд тавьдаг
Гэрэлт саран доорх хэдэн зуун учрал тохиолын цаана
Гэмгүй дурласан сэтгэл л дандаа золиос болж үлддэг
Охидод нэг тийм далд увидас байдаг
Олж түүнийг нь харчихаад би ...
Monday, September 13, 2010
***
Тээр жил зүүдлээд мартчихсан нүд энэ байна, мөн байна
Тэргэл сар цагаан цас лааны гэрэл улаан дарс
Унтаж сэрээд удтал санааширсан учрал энэ байна
Уучлаарай чи намайг танихгүй, гэхдээ л мөн байна
Инээмсэглэл чинь ийм байлуу нэг л танил
Их зантай хар үстэй тээр жилийн минь зүүд
Зөн чагнаж зүүд нотлох мэт ахиад л цас хаяллаа
Зүгээр дээ чи намайг танихгүй гэхдээ л мөн байна
Харц тулгарч сэтгэл ичингүйрэх энэ л агшинг
Хайр соёолж дурлал нахиалсан энэ л мөчийг
Эгэл нэгэн залуугийн инээмсэглэсэн нууцлаг харцыг
Эрт орой чи зүүдлэх л болно, тэгээд удтал санааширна
Зүүдэлчихээд мартаж орхисон учрал энэ байна, мөн байна
Зүрх зүрхээ нүд нүдээ ширтэж байна би мэдэрч байна
Нэг л шөнө чамайг ахиад л зүүдэлнэ тэгээд л би мартчихна
Нэвсийсэн цастай өвлөөр надтай чи учирна тэгэхэд л гэнэт санана...
Wednesday, September 8, 2010
Тэр тамхи татдаг
Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Тэр тамхи татдаг
Санаашрал нь утаа болоод түүнийг орхиж байна гэж итгэж
Тэр тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Тэр тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Тэр тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Тэр тамхи татдаг
Түүнд буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Тэр тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Тэр тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Тэр тамхи татдаг...
Би чиний залуу
Нүцгэн биеэрээ амтлаад нэг үзээрэй - би янаг халуун
Чихээ таглаад дуулахыг минь сонсоорой - би сайхан хоолойтой
Чин сэтгэлээсээ ярихыг минь чагнаарай - би чиний залуу
Нүдээ аньчихаад байхад чинь би харагдаад байвал
Нүцгэн биеэс чинь би л амтагдаад байвал
Чихээ тагласан ч гэсэн дуу минь сонсогдоод байвал
Чин сэтгэлээсээ итгэж болно. Би чиний залуу
Sunday, September 5, 2010
♫♪♪... ЗАМД ГАРСАН ...♪♪♫
Нэг л өглөө
гитараа үүрээд гэрээсээ гарсан
Нэг уужим амьсгалж
тэнгэр лүү ширтчихээд л
алхаж эхэлсэн.
Аз жаргалын эрэл,
Аян замд ганцаараа гарсан
Зам, шороо, чулуу, өвс
Замаг, шалбааг, намаг, горхи
Хүн, мод, цэцэг, буга
Хүүхэд, хөгшид, навчис, шувуу
Дурлал гэж чухам юу байдгийг
Дуулахаар,
Харахаар,
бас амтлаж үзэхээр
Аз жаргалын эрэл,
Аян замд ганцаараа гарсан
Охид юуг мөрөөдөж,
залуус юу хүсдгийг
Одод хэрхэн анивчиж,
үүлс яаж тэвэрдгийг
Дурлал гэж чухам юу байдгийг
Дуулж, харж,
бас амтлаж үзэхээр
Аз жаргал, хүсэл мөрөөдлөө олохоор
Аян замд ганцаараа гарсан...
***
Энэ зун ингээд дуусдаг юм байж
Эхлэлээс төгсгөл хүртэл сайхан байлаа
Гэхдээ яг хаана төгсөв?
Гэрлээ асаагаад хэсэг бодлоо...
Хамгийн сүүлд од харвахыг харсан
тэр үед үү,
Хачин их саналаа гээд чамайг тэвэрсэн
тэр мөчид үү?
Ямар ч байсан зун дууссан
Яалтай ч билээ одоо битгий гунигла!
Зуны зугаатай дурсамжаар зам хийж
Зулзаган гацуурын дэргэд анхны цастай хамт оч...
Цав цагаан цас тэнгэрээс бударч
Цав цагаан гудамжаар алхаж байна
гэж төсөөл...
Friday, July 23, 2010
Thursday, July 22, 2010
Ийм сайхан байгаль, алтран шаргалтах нар
Голын урсгал...
Загаснууд эрэг дээр наранд биеэ ээгээд л
Гоё ч байна даа,
Шувууд мөчир дээр хэвтчихсэн
Юу ч юм хөөрөлдөөд л
Тэнд хоёр буга цэцэг түүж явна
Тээр тэнд хэсэг үүл хөзөр тоглож сууна
Юу вэ, би чинь хэдтэй билээ?
Ертөнцөд ирээд хэдэн ч жил болчихов доо
Sunday, June 20, 2010
Говь Гурван Сайханы Хавцгайтын аманд ажил амьдрал өрнөсөөр
Thursday, May 27, 2010
Уучлаарай намайг, үнэхээр уучлаарай...
Найзууд минь миний энэ үгийг сонсоод “Үгүй дээ, чи хэний ч өмнө буруугүй. Тэр бол хүн бүрийн амьдралд тохиолддог л зүйл” гэж хэлнэ. Харин би сэтгэлдээ гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйх ёстойгоо ойлгосон.
Одоо би чадахын хэрээр өнгөрсөний алдаагаа давтахгүйг хичээнэ. Гэхдээ дахиад алдаж гишгэхээсээ айж байна. Яагаад гэвэл амьдралд ам гарч болдоггүй юм байна лээ. Өнөөдөр би инээж болно, эсвэл уйлж болно. Харин маргааш ямар байхыг таашгүй.
Тиймээс би уучлал гуйж байна. Өөрийнхөө гомдоосон хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Би цаг хугацааг буцааж хийсэн хэргээ эргүүлж чадахгүй. Гэхдээ би гэмшин харамсаж, үнэн сэтгэлээсээ чамаас уучлал гуймаар байна. Одоо миний хийж чадах зүйл энэ л юм даа.
***
Чиний хөрсөнд би ургаж, чиний шимээр би тэтгэгдэж, чиний түшигт би оршдог.
Чамгүй бол би хатаж, чамгүй бол би мөхөж, чамгүй бол би харвана.
Модгүй уул нүцгэн. Загасгүй ус хоосон. Одгүй тэнгэр харанхуй.
Чи уул би мод. Чи ус би загас. Чи тэнгэр би од.
Tuesday, May 25, 2010
IELTS шалгалт өгсөн туршлагаас...
Өнгөрсөн 6 сард миний бие IELTS шалгалтыг анх удаа өгч үзсээн. Дундаж оноо нь 6.0 авсан ч үүндээ сэтгэл үнэхээр ханамжгүй байгаа. Онгироод байгаа юм биш шүү! Учрыг нь удахгүй тайлбарлая.
Энэхүү шалгалтад орж үзсэнийхээ дараа л хүн юун дээрээ анхаарах байснаа хамгийн их ойлгож мэддэг юм байна.
Monday, May 24, 2010
Гоё номнууд
За энэ бас их гайхалтай ном. Үнэхээр сэтгэхүй гэж ийм л байх ёстой юм байна, алсыг харж ихийг бүтээх ёстой юм байна гэдгийг өөрийн эрхгүй ухааруулж чадсан ном. Аливаа зүйлийг өөдрөг сайхнаар харуулж тэр болгоноо бодит жишээгээр баталгаажуулсан "үнэн" ном шүү. Уншиж байхдаа өөрт таалагдсан санаагаа бичиж аваад амьдралдаа хэрэгжүүлж, түүгээ мөрдлөг болговол амьдралд чинь томоор нөлөөлж чадахуйц ном шүү...
Дэлхийд алдартай гайхамшигт бүтээлүүдийн нэг "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь" хэмээх зохиолын эхний хэдэн өгүүлбэрийг уншиж эхлэхэд л надад таалагдсан. Бүр амтанд нь ороод өдөржин бариад суучихмаар л болсон. Гэхдээ би энэ номыг уншиж дуусаагүй байгаа, ер нь мэдээж адал явдал сонирхолтой баримтаар дүүрэн ном байна лээ. Аймар зузаан ном болохоор сонирхол их төрүүлдэг юм байна шүү. Би ч өөрөө геологич мэргэжилээр сурч байгаа болохоор их татагдсан. Адал явдалд дурлагч хүмүүс заавал уншаарай.
Ч.Лодойдамбын "Алтайд"роман. Энэ бол жинхэнэ геологчдийн тухай зохиол доо. Би бүр анх удаа л номыг тэгж амтлан уншсан. Би геологич болох болохоор мэддэг нэр томъёо гарч ирэхээр улам л татагдан уншсан. Энэ номыг уншаад сууж байхад үнэхээр геологи гэдэг мэрэгжил, геологич гэдэг хүнээр бахархаж байсан. Хөдөө уул хад, элсэн цөл, ус шалбааганд явж байхдаа ямар саад бэрхшээлтэй учрахаа мэдэхгүй хэрнээ юу ч болж байсан даваад зорилгоо бүтээнэ гэдэгтээ итгэл дүүрэн байдагт нь дотроо огшиж уншсан. Тэгж явж байхдаа багийнхаа хүмүүстэй хэрхэн дотносож хэрхэн хүн чанар гэдэг зүйлийг харуулж амь тэмцэн нэгнээ аварч сүрэг чоно тулж ирсэн ч гартаа ганцхан хутга атгачихаад нэгнийгээ хамгаалж зогсох тэр агшинг нүдэнд харагдтал бичсэн зохиол гэж хэлж чадна. Түүнээс илүү олон зүйлийг маш сонирхол татахуйцаар бичиж адал явдлыг жинхэнэ утгаар нь харуулж чадсан ном шүү. Надад байгаа шүү авч уншиж болно :)
Зиак ингээд энэ удаад 4 ном танилцууллаа дараа дахиад танилцуулна аа. Ном их уншвал сэтгэхүй их өөрчлөгддөг гэж боддог. Үнэн юм шиг байна лээ :D
Thursday, May 20, 2010
Цэцэглэдэггүй цэцэг /өгүүллэг/
Цаг хугацаа...
Өчигдөр бүхэн өнөөдөр байсан
Цагийн зүүний баруун тал руу ирээдүй ойртож
Tuesday, May 18, 2010
ТА яг ҮНЭНДЭЭ хэн БЭ? тун СОНИРХОЛТОЙ сонжоо
Үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. Нэг сонихолтой сонжоо оллоо. Дээрээс нь доошоогоо аажуухан гүйлгэж өөрт таарах хувилбараа цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай.
За эхэлье!
Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно.../ За хариултаа биччих
Sunday, May 16, 2010
Дэлхийн хамгийн алдартай 10 зураг
Зурагчин : Steve McCurry
Энэ бол Афганистан охины зураг. Үүнийг бидний сайн мэдэх National Geographic сувгийн зурагчин Steve McCurry авсан байна. Sharbat Sugar нэртэй энэ охин Афганистандах дүрвэгсдийн албан ёсны бус сургуульд сурдаг охидын нэг. Афганистан эмэгтэйчүүдийн зургыг авна гэдэг маш хэцүү байдаг ч Steve McCurry д охины зургыг авах ховор боломж тохиосон байна. Зургыг авах үед Sharbat 12 настай байсан бөгөөд дараа жил нь National Geographic н нүүр болжээ. Харин түүний хэн болох нь 1992 онд тогтоогдсон байна.
"Дэлхий сүйрнэ, Харин хүн төрөлхтөн мөхөхгүй." гээд том эрдэмтэн шиг хэлчихье
Saturday, May 15, 2010
Гуниглаад л байна уу даа аав минь
Гучин жилийн өмнөх алдаагаа надаас олж харчихаад
Гуниглаад л байна уу даа аав минь
Цэл залуудаа та ч бас над шиг
Цэцэг түүж шүлэг бичиж явсан болохоор
Халуу төөнөсөн зүрхэн дэх дурлал хайр бүхнээ
Харамлалгүй бүгдийг нь хүүдээн өгчихсөн болохоор
Гучин жилийн өмнөх өөрийгөө эргэж нэг хараад
Гуниглаад л байна уу даа аав минь
Би бас л бодлоо л доо...
"Үнэнч ханийг минь хөнөөчихөөд
Үрсийг минь шарж идчихээд
Үсээр минь дэр хийчихээд
Биеийг минь торонд хорьж
Баясан жиргэхийг хүлээгч
Хүн чи сэтгэлээ
Хэнд худалдчихсан юм бэ?" гэж наад тахиа чинь хэлж байна лээ гэвэл хэзээ ч тэр тахиаг идэхгүй биз. Тэгээд ч зогсохгүй дахиж надтай төрсөн өдрөөрөө хамт байхыг хүсэхгүй, тэр өдрийн настр шууд унах байлгүй. Тэгж ч тэнэгтэхгүй л дээ би...
Би бодлоо л доо...
Би бодлоо л доо... Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу?
Ер нь эхлээд бороо орсон байх, эсвэл цас ч юм уу
Тэгээд тэндээс ургамал үүссэн байх
Ургамлаас амьтан үүссэн байх
Амьтан нь хөгжөөд тахиа болсон биз
Тахиа өндөг гаргаад өндөг нь тахиа болоод
Энэ үлгэр эхэлсэн биз...
Monday, April 12, 2010
Friday, April 9, 2010
Би бүгдийг болгоё гэвч болохгүй байна но*ш гэж!
Би нэг үлгэр ярьж өгье л дөө.
Эрт ээ урьдын цагт юм гэнэ ээ. Нэгэн аз жаргалын вант улсад өөртөө итгэл дүүрэн, бүтэхгүй зүйл гэж хэзээ ч үгүй мэт сэтгэж тэр хэрээрээ бүгдийг бүтээж, ихийг чадаж явдаг залуу хархүү байж гэнэ. Харин түүнд нэг л өдөр тоолж барашгүй олон асуудлууд, хэмжиж болшгүй хүчирхэг өрсөлдөгчид гарч иржээ. Тэднийг дийлэхгүй л бол өөрийн вант улсдаа амар тайван амьдарч чадхааргүй болох гэнэ. Тэр бүгдийг болгохын төлөө бүгдийг хийвч санасанд нь хүрэхгүй байлаа. Тэр үнэхээр шантарч гэнэ. Гэтэл түүнийг өөрийгөө зүхэж суухад нь хаанаас ч юм бүү мэд гэнэт гэрэл цацарч ариун цагаан дагина гарч ирлээ. Тэрээр залууд нэг өгүүлбэр шивнэжээ. "Тэвчиж чадхааргүй зоригтой бай, зоригтой болох тэвчээртэй бай..." гэж хэлж гэнэ. Энэ ганцхан өгүүлбэр түүнд ямар их ухаарал, ямар том амжилт авчирсан бол...
Үүнийг ухаарч ойлгож өөрийн биеэр үзэж байж л мэдрэх биз ээ.
Tuesday, April 6, 2010
Бодрол...
Яах гэж амьдраад байгаагаа, Амьдралын төлөө юу хийж байгаагаа хүртэл бүгдийг нь ойлгож ухаарсныхаа дараа үхэх ёстой юу? Ухаарч, ойлгож амжилгүйгээр энэ хорвоог орхих болчихвол харамсах ёстой юу?
Үнэндээ бүх зүйл дэндүү өрөөсгөл юм... Дэндүү харьцангуй...
Гэтэл өрөөсгөл гэж юуг хэлээд байгааг, харьцангуй гэж юуг тодорхойлоод байгааг бас л мэдэхгүй. Мэддэг мөртлөө мэддэггүй хамгийн түгээмэл сэдэв....
Нэг тийм гэхийн тэмдэггүй хоосон мэдрэмж... хонгилоор алхахад гарах хөндий дуу чимээ хэнхдэг хавьцаагаас минь хүнгэнээд байх юм.
Бүх зүйлийг ойлгох гэж зүтгэхээс.... өчүүхэн юмны учрыг ч болов олох гэж хичээхээс....
Хамаагүй юм шиг мөртлөө хамаатай зүйлд санаа зовохоос... Хэрэгтэй мөртлөө хэрэггүй юм шиг тэр олон асуудлуудад эд эсээ барахаас.... залхаад, ядраад, үнэндээ бодол минь ядраад байх шиг...
Бодохсон гэж зүтгэхээр бодол минь ядраад цухуйхгүй байна. Санаагаа зовоохсон гэхээр л санаа минь цуцаад цухалзахгүй юм.
Голын ус учиргүй хөлдөөд гөлийж, гялтайсан үзэсгэлэнт мөс болохыг хараад сэтгэлээ би тийм л байлгамаар.
Юу бичээд байгаагаа, юу бичмээр байгаагаа ч үл ухаарна, дуусгасан нь дээр бололтой...