Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, December 7, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #5 буюу эрх чөлөөг мэдэрсэн нь



Сайн байна уу, сайн байна уу, сайн байна уу? Америкт бичсэн тэмдэглэл маань үргэлжилж байна... Энэ удаа Нью Йорк хотоор аялсан сүүлчийн өдрүүдийнхээ тэмдэглэлийг бичье.

...Өглөө сэрээд, би чинь хаана байгаа билээ, гэртээ ирчихсэн билүү, юу билээ гэж хэсэг нойрмоглон бодож гайхлаа. Урд шөнө гэртээ харьчихсан, гэрийнхэнтэйгээ уулзаж инээлдэж байна гэж зүүдэлсэн болохоор л тэр...
Босох уу байх уу гэж хэсэг хэвтсэний эцэст гэнэт орноосоо суга үсрэн босч угаалгын өрөөрүү орлоо. Сайхан гэгч нь шүршүүрт орох зуураа энэ том хотын иргэн болоод амьдарч байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж билээ.
Уснаас гарч ирээд 2 найзаа дуудангаа өрөөнийхөө хөшгийг нүд гялбуулан нээж Нью Йорк хотын цоо шинэ өглөөтэй дахин мэндэллээ. Тэнгэр цэв цэлмэг, өглөөний нар өндөр барилгын цаагуур наагуур арай хийн цухуйна. Тэгээд л өнөөх дүнгэнэсэн нүсэр чимээ, нааш цааш сүлжилдэн хурдан алхах хүмүүс, машин тэрэг, унаа хөсөгүүд...
Шинэ өглөөний мэнд Нью Йорк...

Манай 2 сэрдэггүй ээ. Өглөөний цай 7-9 цагийн хооронд гэж буудлын үйлчлэгч эгч хэлсэн шүү босооч ээ! гэж баахан орилов. Улам дургүй нь хүрсэн бололтой хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч харагдана.
За яахав би өөрөө л доошоо бууж цайгаа уухаас даа гээд 1 давхарт бууж буудлын бэлтгэсэн өглөөний цайг ажиглалаа. Сүү, кофе, жүүс, ус, талх, өндөг, сүүнд хийж иддэг хөвсгөр корн, баахан жимснүүд өөр юу байлаа даа одоо мартчихаж.
Зиа тэгээд 2 найз маань ч сэрж бид 3 өглөөний цайгаа өрөөндөө уугаад адал явдлаар дүүрэн аялалруугаа дахин итгэл төгс гарч алхлаа...
Энэ өдрийн хамгийн эхний төлөвлөгөө бол Вест Спрингфиелд хотоос ирж буй бусад найзуудыгаа тосох байлаа.
Бид анх арвуулаа энэ аялалыг эхлүүлж алсын Америк орныг үзнэ гэсэн догдлол дүүрэн Буянт-Ухаагаас нисч байснаа тодоос тод санаж байна.
Өнөөдөр бид гурав дээр дахиад гурван найз маань ирж яваа.
Найзуудыгаа тосч авчихаад түрүүлж ирсэн бид гурав нөгөө хэддээ хөтөч хийх үүрэгтэй болов. Тэгээд хамгийн түрүүнд Таймс Сквер дээр ирээд эндээс Сауд Ферри орох метронд суун Америкийн бэлэг тэмдэг, нэрийн хуудас болсон Эрх чөлөөний хөшөөг дэргэдээс нь харж хамт зурагаа авхуулах асар том догдлол тээсээр очлоо. Ганц Америк орны төдийгүй хүн төрөлхтөний эрх чөлөөний бэлэг тэмдэг болсоор 125 жил яг тэндээ зогсож буй уг хөшөөг үзэх гэдэг миний хувьд мөрөөдөл мэт байсан цаг саяхан...
Эрх чөлөөний хөшөөг холоос харчихаад тийшээ яаж очих юм бол доо, очиж чаддаг л байгаа даа гэсэн битүүхэн айдас надад төрснөө нуух юун. Яагаад тэгж итгэмээргүй юм шиг санагдсан юм бол доо..
Гэтэл тэнд хөшөөг үзүүлдэг хөтөлбөрүүд зөндөө байдаг юм байна лээ. Миний харснаар лав 2 3н төрлийн маш олон хөлөг онгоцууд байсан. Тэр хөлөг онгоцуудыг хараад анх удаа Атлантын далайн эрэг дээр усан онгоцоор аялал хийх нь дээ гэсэн үнэхээр дэвэргэн бодол бас төрсөн шүү :) Нэг л мэдэхэд 3н давхар усан онгоцонд суучихсан Нью Йорк хотоос алслагдан хөвж байлаа. Өнөөх алдарт хөшөө сүндэрлэн буй Лайберти арал ойртох тусам сэтгэл ямар их догдолсныг цуг байсан найзууд маань л гадарлах байх. Онгоцны дээд талын задгай давхар дээр нь гарчихсан салхи татуулан утсаараа бичлэг хийн нарны өөдөөс хашгирч явсан маань нүдэнд тов тод харагдаж байна.. Үнэхээр л эрх чөлөөг мэдэрч байх шиг санагдсан...


Их л сэтгэл догдлон байж алдарт Эрх Чөлөөний Хөшөөний чанх доор нь хөл тавилаа. Хөшөөний араас нь эхлүүлээд тойрч алхлаа. Эргэн тойронд хүн ихтэй бүгд л зурагаа авхуулаастай. Ер нь хөшөөг үзэхээсээ илүү зураг л дарах сонирхол илүү төрдөг юм байлгүй. Би ч бас шууд л зурагаа авхуулсан :) Урьд нь хэн нэгний энэ хөшөөний наана зогссон зургийг харчихаад би заавал энд очиж зурагаа авхуулна даа гэж боддог байсан минь энэ цаг мөчид л биеллээ олж байгаад үнэхээр сэтгэл хангалуун байсан шүү. Маш сайхан байсан. Тийм болохоор өөрийн эрхгүй дээшээ өндөрт үсэрч зурагаа даруулсан. Бодоод байхад өмнө нь тэгж эрх чөлөөний хөшөөний наана үсэрч бас хашгирч байгаад зураг авхуулсан тийм зураг үзээгүй. Өөрийгөө их л сайхан зураг даруулсан гэж бодоод л байгаа юм даа /хэ хэ/. Тиймэрхүү байдлаар баахан л үсэрч хашгирч дуусчихаад сая л нэг юм санаа амарч нөгөө том хөшөөгөө анх удаа тайвнаар удаан гэгч нь ажиж ширтлээ. Анх харчихаад бодож байснаас жижигхэн л юм гэж бодож байсан минь эсрэгээрээ эргэлээ. Үнэхээр том агуу бүтээл юм даа гэж санаа алдсан шүү...
Хараад байсан энэ хөшөө чинь эмэгтэй юм байна, бас хойно гишгэсэн баруун хөл нь ил гарчихсан, тэр хөлөндөө зүгээр л нэг углааштай байдаг юм байна лээ :)
Уг хөшөөний түүх гарал үүслээс дурьдвал 1885 оны 6 сарын 17-нд Францын хөлөг онгоцоор Нью Йорк хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн энэ хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэнэ лээ. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байжээ. Хөшөөний их биеийг 1884 онд бүтээж дууссан бөгөөд дийлэнхийг нь хандивын хөрөнгөөр босгосон гэсэн. Энэ асар том хөшөөг сүндэрлүүлэхийн тулд Эйфелийн цамхгийг үндэслэгч Гюстав Эйфель гар бие оролцсон гэж түүхэнд бичигджээ.
Гадаргууг нь зэсээр бүрсэн учир өнгө нь ногоон болсон гэж тайлбарласан. Яагаад гэхээр зэс нь агаарт буй хүчилтөрөгчтэй урвалд орж өнгө нь хувирдаг.
Хөшөөний доороос хүзүүгээ чилтэл харж зогссоны дараа энэ арлын эргэн тойрон, холоос цэнхэртэж үзэгдэх Нью Йорк хот, далай дээгүүр зугаалах хөлөг онгоцууд, дээгүүр эргэлдэх цагаан шувуудыг харж далайн цалгилах чимээг сонсон зогсох үнэхээр цоо шинэ гайхалтай мэдрэмж байсан юм. Ийм сайхан тайван эрх чөлөөт мэдрэмжийг Америкчууд насан туршдаа мэдэрдэг гэж бодохоор энэ улс орон үнэхээр л эрх чөлөөний их гүрэн гэж өөрсдөөрөө бахархахаас яахав...
Гэхдээ л Монгол нутгийн маань уудам талыг тэд нар мэдэхгүй л дээ.
Ингэж зогссоор байтал бидний ирсэн хөлөг онгоц маань буцаад явчихлаа. Дараагийн онгоц иртэл дахиад хэдэн минут энд саатах болов. Хамт ирсэн найзуудтайгаа дахиад л тал талаасаа зурагаа авхуулж гарлаа. Бас арлын эрэг дээр байх дурангаар нь алсын бараа харав. Тэр хавиар баахан алхаж байгаад дараагийн усан онгоцондоо суун замдаа хөшөөний талаар ярилцаж шуугилдан эргэн Нью Йоркийн Сауд Феррид буулаа.


Тэндээс хөдлөх дараагийн төлөвлөгөө бол энэ хотын алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүдээр орж дараа нь дэлхийн худалдааны төв байсан ихэр хоёр цамхагийн суурин дээр очих байлаа. Тэгээд газрын зураг дээрээ тэмдэглэх санаатай явж байтал нэг цэцэрлэг дотор баахан хүн цуглачихсан нэг зүйл үзээд байна аа. Мэдээж сонирхон очлоо. Тэр тойрч зогссон хүмүүсийн голд нь 3, 4н хар арьст залуус акробат үзүүлж байв. Дараагаар нь баахан хүүхдүүд дуудан жагсаачихаад дээгүүр нь дүүлж харайна гэнээ. Тэгээд уг үзүүлбэрийнхээ өмнө баахан эв нэгдэл энх тайван гэсэн оршил ярьж хүмүүсээс мөнгө хураах бололтой. "Хятад хүмүүс 1 доллар Япончууд 2 доллар Швед хүн 3 доллар Пурто Рикочууд 4 доллар хар арьстнууд 5 доллар, аа харин цагаан арьстнууд 10 доллар" гэж хашгирхад хүмүүс баясан алгаа ташиж байсан. Үнэхээр сэргэлэн залуучууд байна лээ. Энэ аргаараа ингээд мөнгө олоод сурчихсан бололтой байсан. Нэг залуу нь уут бариад хүмүүс дундуур явангуут үнэхээр хүмүүс мөнгө хийж байна лээ. Зарим нь 10 доллар хийнгүүт тийм газраас ирсэн тийм хүн 10 доллар өглөө гэж хашгирна. Хүмүүс алга ташин бусад нь бас 10 доллар хийж байх жишээтэй. Тийм маягаар нилээн хэдэн ногоон цуглуулсан байх шүү. Эцэст нь үзүүлбэрээ гүйцээж ганц харайн баярлалаа баяртай гээд л бүх зүйл өндөрлөсөн дөө.
Тэндээс хөдлөн төлөвлөснийхөө дагуу явсаар байгаад ихэр 2 цамхагийн буйран дээр ирлээ. Энд дахиад тэнгэр баганадсан өндөр цамхаг бариад бараг дуусч байна лээ. Уг нь энэ барилга баригдахаас өмнө энд 9 сарын 11ний халдлагад өртсөн хүмүүст зориулсан цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор байсан гэсэн. Ингэж явсаар өдөр дуусч бид нар ч нилээн ядарсан байлаа. Эндээсээ шууд метронд суун буцаад Таймс Сквер дээрээ ирлээ. Шөнөдөө шууд Вашингтон Ди.Си орох тасалбар бичүүлээд автобус хөдлөх цагаа хүлээнгээ Нью Йоркийн алдартай гудамжнуудын нэг болох 5р өргөн чөлөөгөөр явлаа. Энд Америкийн төдийгүй дэлхийн топ брэндүүдийн дэлгүүрүүд шил даран хүмүүсийн хөлд дарагдан байдаг. Энэ хавиар хөлөө өвдтөл яваад эцэст нь өлссөнөө мэдэн амттай хоол хайн нэг Хятад ресторанд оров. Онцлог нь орохдоо таксаа төлөөд дотор нь хүссэнээрээ иддэг газар орсон болохоор гэдсээ хагалхаа шахсан даа /хэхэ/.
Тэндээс гараад автобусны өртөөн дээр очин Америкийн нийслэл орох унаанд суун унтахаар тухаллаа. Өнөөдрийн аялал үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан байсан болохоор ядарснаа ч мэдэрсэнгүй бололтой. Вашингтон орчихоод эргээд энд ирэх учир түр баяртай үл унтагч их хот минь дараа эргэн уулзъя...



4 comments:

  1. goe yum..zurag bas duu bas nudend haragdtal bichsen baigaa ni uneheer taalagdlaa...UUruu l hamt yawaad uzsen met,
    bi ch bas uzeh yumsan harah yumsan gej bituuhendee boddogldoo..

    Hzee neg udur ochih baiha..
    Uneheer chinii uurinhuuruu engiin baigaa baidal chn taalagdlaaaa
    Amjilt...

    ReplyDelete
  2. Bayrlalaa tend ochhod chamd ch bas iim setgegdel turuh baih..

    ReplyDelete
  3. Гайхалтай би таныг үнэнийг хэлхэд бишэрч байна. Мөрөөдөлдөө хүрсэнд чинь. Гайхалтай би ч бас тэнд очих болноо. Хамаатан найз нөхөд гэр бүлээ дагуулаад.

    ReplyDelete
  4. Хүссэндээ заавал хүрээрэй... Чамд амжилт хүсье!

    ReplyDelete